Өнгөрсөн зун газрын гарц тааруу байснаас шалтгаалж, ирэх өвөл 10 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн урьчдилсан төлөв мэдээ гараад байна. Ялангуяа, баруун аймгуудад өвс тэжээл хомсдох эрсдэлтэй байгаа тул аймгууд аюулгүйн нөөцөө бүрдүүлэхэд бүх талаар анхаарч эхэлжээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн удирдлагууд эрсдэлээ тооцоолж, Дархан-Уул аймгаас хадлангаа бэлтгэж байна. Ингэхдээ өөрсдийн хүн хүч, техник хэрэгслээ ашиглаж байгаа юм байна. Энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас тодрууллаа.
– Ирэх өвөл “чанга” болох нь. Танай аймаг өвс тэжээлийн нөөцөө хэрхэн бүрдүүлж байна вэ?
Засгийн газрын тогтоолын дагуу аймгууд жил бүр өвөлжилтийн бэлтгэл хангах цогц арга хэмжээг авч ажилладаг. Энэ хүрээнд Говь-Алтай аймаг өнөө жил 57 зүйл бүхий бэлтгэл хангах ажил төлөвлөж, захирамж гаргалаа. Намрын налгар өдрүүдэд амжиж өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө бэлтгэж авах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Аймагт газрын гарц муу байлаа. Өвс ногоо тааруухан ургалаа. Үүнээс үүдээд байгалийн хандлан бэлтгэхэд хүндрэл бэрхшээл нэлээд гарлаа. Тиймээс Аймгийн аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийг бүрдүүлэх зорилгоор Дархан-Уул аймагтай зөвшилцөж, хамтран ажиллаж байна.
-Хаа холын Говь-Алтайгаас ирж, хадлангаа бэлтгэж байгаа тухай мэдээ цахимд орчинд ч нэлээд тархлаа. Хадлангаа өөрсдөө ингээд бэлтгэж болдог юм байна шүү дээ гэцгээж байна. Та бүхэн хичнээн тонн байгалийн хадланг Дархан-Уул аймгаас авах вэ?
Өнөөдрийн байдлаар, Говь-Алтай аймагт гаднаас ирсэн тэжээлийн ногоон өвс нэг боодол нь 17 мянган төгрөгийн ханштай байна. Олон хүчин зүйлээс хамаарсан үнэ байх. Аймгийн аюулгүйн нөөцөд наад тал нь 200 тонн буюу 10 мянган боодол өвс шаардлагатай. Дээр дурдсан дундаж ханшаар бол бид тендер зарлаж, 170 сая төгрөгийн зардлаар аюулгүйн нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр, яаж төсвөө хэмнэж, арай хямд өвс тэжээл олж авах вэ гэдгийг бодолцсон юм. Ингэсний үр дүнд ч гарц шийдлээ оллоо.
Бид өнгөрсөн жил байгуулсан Говь-Алтай аймаг дахь хөдөө аж ахуйн Техникийн дундын үйлчилгээний бааздаа суурилаад, өөрсдийн зарим хүн хүч, техникийг ашиглаж, хадлан тэжээлээ бэлтгэх гэж байна. Ингэснээр, ажиллах хүчний болон тээврийн зардлаа оруулаад 70 орчим сая төгрөгт багтааж, өвсний нөөц бүрдүүлэх боломж гарсан. Үндсэндээ, аймгийн нөөцөд шаардлагатай байгаа 200 тонн өвс, 50 тонн тэжээлийг 90 орчим сая төгрөг хэмнэх байдлаар бүрдүүлэн ажиллаж байна.
Цаашлаад, хувь иргэд малчдаа зах зээлийн үнээс хямд үнээр өвс, тэжээл авах боломжийг бүрдүүлж, орон нутаг хоорондын харилцан хамтрах боломжууд дээр санал солилцож байна. Тухайлбал, манай аймгийн говийн бүс нутгуудад хужир, мараа зэрэг малд чухал амин дэм болдог байгалийн эрдэс их бий. Үүнийг хангайн бүс нутгийн өвс тэжээлээр солих, үнийн хөнгөлөлт эдлэх боломж байгаа. Дээрх ажлуудыг сая Дархан-Уул аймагт ажиллахдаа харилцан ярьж, тохиролцсон.
-Говь-Алтай аймаг өмнөх жилүүдэд аюулгүйн нөөцөө хэрхэн бэлтгэж байв? Өөрийн аймгийн нутаг бэлчээрээс байгалийн хадлан авах бололцоо хэр вэ?
Тухайн жилийн зуншлага, газрын гарц сайн байх үед малчид, хоршоологчид өөрсдийн хэрэгцээгээ 100 хувь хангаж ирсэн. Харин аймаг, сумдын хувьд өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг харьцангуй амар хялбараар буюу тендер зарлаж, шалгарсан аж ахуй нэгжээс шууд худалдан авч бүрдүүлсэн байдаг. Энэ нь нэг талаар төсвийн мөнгийг хэмнэх боломжоос зайлсхийж, өндөр зардлаар бүрдүүлдэг байсан гэсэн үг. Хэдий үнийн өсөлттэй байгаа ч гэсэн аль болох хэмнэх арга, төлөвлөгөөг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.