“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.
Тэрбээр өнөөдөр Орхон аймагт очиж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд, аймгийн удирдлагууд ажил хүлээлцэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд цаашид уламжлал шинэчлэлийг хослуулж үйлдвэрээ авч явахаа Г.Ёндон тамга хүлээн авах үеэрээ хэлжээ.
Засгийн газар УИХ-аар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндонгийн оронд УИХ-ын Ж.Ганбаатарыг томилсон юм. Улмаар Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох шийдвэрийг Засгийн газар наймдугаар сарын 31-ний хурлаараа танилцуулсан бол Х.Бадамсүрэнг "Эрдэнэс Монгол"-ын Зэсийн группийн захирлаар томилоод буй юм.