БШУЯ-наас ЕБС-ийн 29, 324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг орон даяар анх удаа зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд бид боловсролын хүртээмжийг их ярьдаг байсан бол цаашид боловсролын салбарын шинэчлэлд анхаарал хандуулна. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан сурлагын хоцрогдол үүссэн. Үүнийг арилгахын тулд багшийн хоцрогдлыг давхар арилгах ёстой. Үүн дээр үндэслэн гүйцэтгэлийн үнэлгээ хийнэ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шинэчлэгдсэн.
Цаашид үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал нэмэгдэнэ. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийн шинэ үнэлгээгээр үнэлнэ. Нэгдүгээрт, сурагчдын сурлагын амжилт. Хоёрдугаарт, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ. Дөрөвдүгээрт, сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ гэсэн дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэллээ.
Монгол Улсад анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консерватор, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдаагүй.
Үнэлгээ явуулахдаа хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр шүү дээ. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон.
Багш нарыг дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:
- Нэгдүгээр ангилал-25 хувийн нэмэгдэл /үндсэн цалин дээр нь/
- Хоёрдугаар ангилал-20 хувийн нэмэгдэл
- Гуравдугаар ангилал-15 хувийн нэмэгдэл
- Дөрөвдүгээр ангилал-10 хувийн нэмэгдэл
Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Тодруулбал тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний шалгалтыг амжилттай өгсөн багш нар үндсэн цалин дээрээ 10, 15, 20, 25 хувийн нэмэгдэл урамшуулал авах эрх нээгдэх юм.
Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүй" гэлээ.