Хонг Конгод 15-аас доош насны хүүхдүүд амиа хорлох нь түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Тухайлбал өнгөрсөн жил 11 хүүхэд амиа хорлосон гэх баримт байгаа нь Ковид-19 цар тахлын улмаас хичээл завсарласантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлав.
Хонг Конгийн Амиа хорлолт судлах, урьдчилан сэргийлэх төвөөс албаны мэдээлэлд үндэслэсэн статиситик гаргасан байна.
Үүнд 2021 онд 15 ба түүнээс доош насны залуучуудын амиа хорлолтын түвшин 100,000 хүн тутамд 1.7 болсон нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт болсон талаар South China Morning Post мэдээллээ.
Дээрх төв 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны зургаадугаар сар хүртэлх 36 хэрэгт дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны төвийн гаргасан дүгнэлтээр 26 хувь нь хичээлийн стрессээс болсон гэж гэрээслэлдээ тусгасан бол 7.9 хувь нь гэрийн даалгавар болоод шалгалтын айдсаас болж амиа хорлосон байна.
Мөн эдгээр сурагчдын 9 нь сургуулийнхаа талбайн орчимд амиа хорлосон гэсэн харамсалтай мэдээ байгааг албаны хүмүүс мэдээлжээ.
Дэлхий даяар цар тахлын ид үед 400-500 мянган сурагч сургуулиа бүр мөсөн орхисон гэсэн тооцооллыг НҮБ-ын Хүүхдийн сан танилцуулсан. Сургалтын хоцрогдол, цар тахлын үеийн хичээллэх арга барил гээд сурагчдын сэтгэл зүйд нөлөөлөх олон хүчин зүйл байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
SOURCE: SOUTH CHINA MORNING POST