Хар тамхи удаа дараа хэрэглэж, мансуурч улмаар дахин хэрэглэхийн тулд мөнгө олох зорилгоор бусдыг санаатай уруу татаж бүлэглэн хар тамхи зардаг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон найман этгээдэд холбогдох хэрэг шүүх дээр таг гацав.
Хар тамхи борлуулдаг этгээдүүдийн хэргийг нэг жил зургаан сарын өмнө Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэтэл эл онц ноцтой хэргийг тус шүүхийн шүүгч Д нь өнөөдрийг хүртэл шийдээгүй, мэдээлэл өгөхгүй хэвээр байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д нь хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдээс авлигал авч хэргийг дарсан байж болзошгүй.
Тодруулбал, Хар тамхи наймаалдаг М.Б, Б.Б, Г.Х, Л.Х, Э.Э, Б.Г, Б.Ө, Б.Б нар нь удаа дараагийн үйлдлээр мөс нэртэй хар тамхи мансууруулах бодисыг худалдан борлуулсан, хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоож яллагдагчаар татан шалгасан байдаг.
Тэдэнд холбогдох хэргийг сийрүүлбэл, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн дансандаа нийт нэг сая төгрөгийг шилжүүлэн авч, метамфетамины агууламжтай 0.996 грамм хэмжээтэй мөсийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Циркийн авто зогсоол”-ын орчим Б.Ө-д хууль бусаар худалдсан.
Мөн дахин М.Б-тай хамтран 2020 оны 3 дугаар сарын 04-ний Б.Б-ын шилжүүлсэн 1.200.000 төгрөг, Э.Э-ийн шилжүүлсэн 900.000 төгрөгийг тус тус авч, “мөс” гэх нэршилтэй 1 грамм орчим жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Номин дэлгүүрийн орчим Л.Х, Э.Э нарт хууль бусаар худалдсан.
Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр А.С тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн дугаар тоот гудамжинд Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах, хэрэглэхийг хуульчлан хориглосон мөс гэх хар тамхийг хууль бусаар олж авсан. Ийнхүү Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Тэр ч бүү хэл М.Б, Б.Б, Г.Х, Л.Х, Э.Э, Б.Г, Б.Ө, Б.Б нар нь хар тамхи мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын хилээр зохион байгуулалтын шинжид орж, бусдад худалдан борлуулсан олон удаагийн үйлдэл нь шалгалтаар нотлох баримтын хүрээнд тогтоогдсон байдаг.
Дээрх хэргүүдийг анхлан зохион байгуулсан, бусдыг уруу татсан хэргээр М.Б 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгасан билээ.
Гэтэл уг хэрэг одоог хүртэл шүүхийн тов зарлагдаагүй төдийгүй хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдүүд зохих ял шийтгэлээ хүлээлгүй дахин гэмт хэрэг үйлдсээр явна.
Харин Эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай шүүгч гэмт этгээдүүдтэй үгсэн хуйвалдан, хэргийг нуун дарагдуулж байж болзошгүй байна.