НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн тэргүүн Мартин Гриффитс сүүлийн 40 жилд тохиолдоогүй ган гачиг болсны дараагаар Сомали улс өлсгөлөнгийн ирмэгт ирснийг анхаарууллаа.
Могадишуд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гриффитс оны эцэс гэхэд өлсгөлөн болж магадгүй гэж мэдэгджээ.
Гриффитс өнгөрсөн долоо хоногт Сомали улсад ган гачгийн эрсдлийг үнэлж, гамшигт нэрвэгдсэн хүмүүстэй ярилцахаар ирсэн байна. Тэрээр нөхцөл байдлын талаар "Сүүлийн хэдэн өдөр бид маш олон Сомаличуудын тэвчиж буй өвдөлт, зовлонг хараад үнэхээр цочирдсон" гэжээ. Үргэлжлүүлэн Гриффитс "Өлсгөлөн хаалган дээр байна. Өнөөдөр бид эцсийн сэрэмжлүүлгээ өгье" гэсэн нь шинжээчдийг санаа түгшихэд хүргэж байна.
Энэ долоо хоногт нийтлэгдсэн Сомалийн хүнсний аюулгүй байдал, хоолны шим тэжээлийн тайланд ирэх 10-р сараас 12-р сар хүртэл тус улсын хоёр ч бүсэд өлсгөлөн болно гэсэн гэсэн үр дүнг гаргасан байна. Удахгүй болно гэж тооцоолж буй өлсгөлөн нь Сомалид 2010-2011 онд тохиолдсон өлсгөлөнтэй төстэй гэж шинжээчид үзэж байна.
2011 онд Сомалид нүүрлэсэн өлсгөлөнгийн улмаас 260 мянга гаруй Сомаличууд амиа алдсаны тал хувь нь хүүхдүүд байжээ.
SOURCE: VOA