Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна гэдгийг өмнө нь бид мэдээлсэн.
Киргиз улсад авиралт хийж байгаад эрсдэлд ороод буй залуу уулчныг аврах баг, орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн суурин газар болох Сары Могол тосгонд очжээ.
Энэ тосгоноос цааш бэйс кемп хүртэл 2 цаг орчим машинаар дөхнө, тэндээс болзсоны дагуу моринд ачаагаа ачин өндрийн 1-р кемп хүртэл шөнөөр алхаж, отог байгуулан хононо.
Өнөөдөр /09.10/ өглөө эрт д.т.д 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлж 5800 м гацсан уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Ленин пик ууланд авиралт зохион байгуулдаг Централ азиа компанийн авиралтын удирдагч Илья хэмээх уулчин туслах уулчинтай хамт энэхүү аврах ажиллагаанд нэгдсэн байна. Мөн тухайн компани аль хэдийн хураасан кемпээ нээн аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалж байгаа аж. Нэг туслах ажилтан нь өндрийн 1-р кемп дээр холбоочин хийн үлдэж 4 хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааг эхлүүлэх юм.