Монголын тулааны спорт сонирхогчид хоног тоолон хүлээсэн тулаан дөнгөж сая боллоо. Мэргэжлийн боксоор ялагдаагүй яваа, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны дэвжээнд гялалзаж яваа З.Шинэчагтга нарын тулаан олны анхаарлыг гойд татсан юм.
Өнөө цагт гялалзаж яваа хоёр тулаанч өөр, өөрөөсөө 300 сая төгрөг гаргаад тулалдлаа. Ийм өндөр бооцоотой тулаан Монголын дэвжээнд өмнө нь болсон түүх үгүй. Тэд мэргэжлийн боксоор төрлөөр 70 кг-ын жинд өрсөлдлөө.
Э.Цэндбаатар сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальтай, Азийн хошой аварга тамирчин. Мэргэжлийн боксоор хэд, хэдэн тулаан хийсэн нь түүний гол давуу тал байлаа.
2021 оны ДАШТ-ий дараа сонирхогчийн боксыг орхин, мэргэжилд хөл тавихаа мэдэгдсэн. Энэ жил УАШТ-д хүч сорихдоо шигшээд Б.Мишээлтэд ялагдан, мөнгөн медаль хүртсэн. Мэргэжлийн боксын дэлхийн аварга болох, Парисын олимпоос медаль авах гол найдваруудын нэг нь мөнөөс мөн.
Тамирчдын чансаа, нэр хүндээрээ дэлхийд өндөрт эрэмбэлэгдэн, хүчээ аваад буй “One championship” холбооны ирээдүйн нүүр царай, аварга болох ирээдүйтэй тулаанч хэмээн үнэлэгдэж буй монгол тамирчдын нэг нь Золцэцэгийн Шинэчагтга.
Тэрбээр бокс суурьтай, “Ширэн бээлий” клубийн ахлах дасгалжуулагч Д.Төрбатын шавь. 14 настайдаа боксоор хичээллэн, спортын замналаа эхлүүлсэн. Боксоор цөөнгүй тэмцээнд оролцон, чамгүй амжилт гаргасан тамирчин.
З.Шинэчагтга 2017 онд холимог тулааны “Мастер тулаанч” шоунд түрүүлснийхээ дараа У.Зоригттой тамирчин, менежерийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш холимог тулааны рингэн дээр өрсөлдөж яваа.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын харьяат, “Ширэн бээлий”, “Zorky’s MMA” клубийн тамирчин З.Шинэчагтга 2019 онд “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, Монголоос анхдагч болсон юм. Тус холбоотой ийм үнийн дүнтэй гэрээ байгуулсан монгол тулаанч түүнээс өөр үгүй.
Өнөө цагийн Монголын тулааны спортын нүүр царай болж яваа хоёр тамирчны тулаан найман раунд үргэлжилж, эцсийн мөчид ялагч тодорлоо. Эл тулаанд Э.Цэндбаатар ялж, 600 сая төгрөг өвөртөллөө.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ В.ТҮМЭНБАЯР