2013 оноос хойш дотоодод тасралтгүй гарч байгаа мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор сэргийлэх вакциныг ОХУ-аас жил бүр манай улс импортолдог.
Тэгвэл манай улсын эрдэмтэд шүлхийн дэгдэлтэд шаардлагатай үүсгэгч вирусийн хэвшилд тохирсон шүлхийгээс сэргийлэх дөрвөн төрлийн вакцины технологийг боловсруулсан байна.
Ингэснээр 25-50 мянган тунг 24 цагийн дотор үйлдвэрлэх боломжтой бол нэг сар ажиллахад 4-5 сая тун вакциныг үйлдвэрлэнэ. Энэ манай улсын нэг жилийн хэрэгцээг хангах тоон үзүүлэлт юм.
Манай эрдэмтдийн үйлдвэрлэж байгаа энэ вакциныг Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэжээ.
Мал, эмнэлгийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч З.Батсүх:
Вакцин үйлдвэрлэх нь нарийн технологи шаардсан ажил. Үүнд технологийн өөрчлөлт оруулснаар дэлхийн томоохон үйлдвэрлэгчээс үүсгэгчийн концентрат худалдан аван Монголдоо вакциныг үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа юм.Үр дүнд нь гадагшаа урсаж байгаа мөнгөн дүнг дотооддоо шингээх боломж бүрдэж байгаа юм.