Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийн асуудлаар "Ээлтэй Ертөнц" ТББ болон эцэг эхийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн мэдэгдэлтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахыг шаардаж байгаагаа илэрхийлэв.
Энэ тухай "Ээлтэй Ертөнц" ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал "ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан саяхан мэдэгдэл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Тодруулбал, Монгол Улсад иргэний язгуур эрх ашгийг хамгаалах төр байдгийг харуулж, жирийн иргэнээ өмгөөлөн шийдвэр гаргасан./Сэтгүүлч С.Будрагчаа/ Одоо бусдын дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай хүнд хэлбэр гэж хэлэгддэг байнгын асаргаа шаардагддаг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж өгөхийг шаардлагаар дамжуулан уламжилж байна.
Монгол Улсад амьдарч буй 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ өмнөөс Д.Амарбаясгалан даргаас хүсмээр байна. Бидний болон үр хүүхдүүдийн маань язгуур эрх, ашиг болох амьд явах, эрүүл саруул өсөн торних, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох эрхүүд маш ноцтой зөрчигдөж, өнөөдөр нийгэмд болон төрийн ялгаварлан гадуурхалт, үл хайхрах хүчирхийлэлд өртөн Монгол Улсад амьдарч байна. Иймд эдгээр иргэнийхээ эрх ашгийг хамгаалж өгөөч.
"ТӨР НЬ ИРГЭНЭЭ ХАМГААЛДАГ БАЙЯ"
Хоёрдугаарт, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандаж шаардлага хүргүүлж байна. Монголд хүн засагладаг биш, хууль засагладаг байх ёстой гэж Л.Энх-Амгалан сайд хэлсэн. Үнэхээр хууль засагладаг байх ёстой гэж байгаа бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарахын хүсье.
Өнөөдрийг хүртэл бидний асуудлыг сонсдог, шийдвэрлэе гэж хэлдэг ч хийж хэрэгжүүлдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон наад захын язгуур эрхээ Монголын төрөөр хамгаалуулмаар байна" гэв.
"МОНГОЛ УЛСЫН ТӨР ЗАСГААР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХАМГААЛУУЛМААР БАЙНА"
Мөн үргэлжлүүлэн "Ээлтэй ертөнц ТББ-аас Энэрэл хүүхэд хөгжүүлэх төвийг тав дахь жилдээ ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд бид хүүхдийн төлбөр дээр нэмэлтээр зөөлөн тоглоомын үйлдвэрт ажилладаг ээж, аавуудынхаа хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалж, олсон ашгаараа үйл ажиллагаа явуулж байсан.
Гэхдээ энэ үйл ажиллагааг дан ганц төрийн бус байгууллага үүрч явж үнэхээр чадахгүй байна. Тиймээс энэ хичээлийн жилээс хүүхдээ авч чадаагүй, үйл ажиллагаа зогссон. Миний хүү одоо 17 настай, би хүүгийнхээ өмнөөс дуугарч байна. Эрүүл саруул байсан бол миний хүү найз охинтой болоод цэрэгт явж байх энэ үедээ дүүтэйгээ тоглоод гэртээ байна. Миний хүү шиг энэ олон хүүхдийг зүгээр гэрт битгий хориоч ээ. Төр нь иргэдээ хамгаалдаг байгаач .
Төр хэзээ биднийг сонсох вэ? Хүүхдүүд маань одоо гэртээ байна. Хэзээ гэдэг нь тодорхойгүй энэ цаг үед Монгол Улсын сайд хүн нэг иргэний эрхийг хамгаалж, дуугарч байгаа бол бид ч Монголын төр засгаар эрхээ хамгаалуулмаар байна. Монгол Улсын төр засгаар эрхээ хамгаалуулмаар байна. Эдгээр хүүхэд залуусын өмнөөс төр бидэнтэй хамтарч ажиллаач гэж хүсье" гэлээ.