МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын “гал тогоог” удирдаж ажиллахаар болсон. Түүний хувьд “ЗГХЭГ-ын даргаар томилогдсон ч намынхаа генсекийн ажлаа өгөхгүй, давхар хашина” гэх мэдээлэл тархаад байсан. Тэгвэл Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр ажлаа дараагийн хүнд нь шилжүүлж өгнө гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдох үеэрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өмнөх хоёр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр онцгойлон анхаарах шаардлага байна. Иймээс ЗГХЭГ-т ажиллахаар” ирлээ хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Ц.Нямдоржийг тэтгэвэрт нь суулгаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт очсон Д.Амарбаясгалан нам дээрээ төвлөрч ажиллахгүй нь нэгэнт тодорхой болсон тул МАН доторх өрсөлдөөн улам ширүүсч эхэлжээ. Мэдээж, генсекийн албан тушаал хамгийн хариуцлагатай, намаа зангидах гол хүч тул МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “хуучин хашир”-уудаас томилох нь тодорхой гэх мэдээлэл ч улстөрийн хүрээнд хүчээ авч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Ерөнхий сайд “бялуу хувааж”, ажлаа өгсөн сайд нараа ч ямар нэг албан тушаалд томилоод амжсан. Тиймээс томилгооны гадуур үлдсэн улстөрчдөөсөө сонгож, намынхаа “гал тогоог” хариуцуулах нь нэг талаар тодорхой байна. Д.Амарбаясгалан 2016 оноос хойш хоёр ч сонгуулийн ялалт авчирж, намдаа өндрөөр үнэлэгдсэн тул түүнтэй эн зэрэгцэхүйц хүнийг томилох гэж ардын намынхан багагүй дунших нь ч тодорхой болоод байна. Ямартай ч МАН-ын дараагийн Генсек хэн байх вэ гэдэг нь улстөрийн хүрээний халуун сэдэв болж байна.
Д.АМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн хосолсон мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
• 2000-2009 онд “Монгол Шуудан ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,
• 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
• 2009-2018 онд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн,
• 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд ерөнхийлөгч,
• 2013-2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,
• 2013-2018 онд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн,
• 2015-2016 онд “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд тэргүүн,
• 2008-2018 онд Монголын Зүүний Хүчний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,
• 2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга,
• 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилллаж байна.