Памирын нурууны Ленин оргилд соло авиралт хийж явсан Монголын уулчин, “Цэгц” клубийн тэргүүн Х.Бумхишиг далайн түвшнээс дээр 5800 метрийн өндөр хөл нь хөлдсөний улмаас гацаад байгаа билээ. МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э.Даваадоржын нар түүнийг аврах, тусламж үзүүлэхээр өчигдөр эх орноороо мордсон. Энэ талаар тодрууллаа.
-Уулчин Х.Бумхишигийн биеийн байдал хэр байна вэ?
-Түүний биеийн байдал сайн, хоол унд хүрэлцээтэй, Ленин оргилын цаг агаар тогтуун байгаа гэсэн. Байгалийн араншинг урьдчилан таах аргагүй. Гэнэт цаг агаар муудах вий гэж санаа зовниж байна.
-Аврахаар явсан хоёр уулчин одоо хаана яваа вэ. Хэзээ очих бол?
-Түүний хөл нь хөлдсөний улмаас авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Ленин оргилд гацсан тухай мэдээлэл бидэнд энэ сарын 7-ны 12.00 цагт ирсэн. Бид шуурхай арга хэмжээ авч, хоёр хүнээ явууллаа. М.Ганхүү, Э.Даваадорж нар одоо Оше хотод очоод байна. Маргааш гэхэд Х.Бумхишиг дээр оччихно. Бидэнд цаг хугацаа маш чухал байгаа. Бүхий л боломжийг ашиглан, аль болох хурдан очихыг хичээнэ.
-Шууд тэндээс нь аврах баг илгээх боломж байсан уу?
-Тухайн оргил дахь баазуудын ихэнх нь буучихсан, аврах ажиллагаа шууд явуулах боломжгүй байгаа.
Ленинээс өөр оргил болох Коржиневскийд авирч байсан уулчид тусламжийн дохио илгээсэн. Киргизээс уулчдын баг бүрдүүлсэн, хүрэлцээ муу байгаа. Монголоос бид өөрсдөө хоёр уулчнаа илгээсэн нь зөв шийдвэр болжээ.
-Аврах ажиллагаанд зориулж хандивын аян өрнүүлж байгаа. Одоогоор хэдэн төгрөг цуглараад байгаа вэ?
-Одоогийн байдлаар 2,3 сая төгрөг цуглараад байна.