Нийслэлийн тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Зөв эрчүүд ТББ-аас зохион байгуулж байгаа нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн сурагчдын дунд “Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин нээж үг хэлэхдээ: “Нийслэлийн хэмжээнд 360 орчим мянган сурагч суралцаж байна.
Хотын зүгээс өсвөр үеийн залуус, сурагчид руу тэр дундаа хөвгүүд рүү чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагааг явуулахаар санал нэгдсэн. Түүний нэг ажил нь зөвлөл байгуулах юм.
Зөвлөл байгуулагдсанаар сургуулийн түвшинд шийдэх боломжтой ажлыг хөвгүүд хамтдаа шийдэх, шийдэх боломжгүй асуудлыг бодлогын түвшинд мэдээлэх боломж үүснэ. Хөвгүүд зөв төлөвшилтэй байх нь нийгэмд эерэг нөлөө үзүүлдгийг судалгаа харуулдаг.
Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс гадна хөвгүүд хамтдаа нийгмийн асуудлыг шийдэхэд гар бие оролцох боломжоор бүрдлээ” гэв.