Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орох гэж байна. Манай улс төмөр замын сэдвийг олон жил улстөржүүлж гацаасан. Харин өнөөдөр бид эдийн засгаа тэлэх, хүний эрхийг хамгаалах, бүтээмж өсгөх шинэ шийдлээ ийнхүү хүлээж авах гэж байна. Төмөр замын ач холбогдол болон нүүрсний салбарын боломж, сорилтуудын талаар хүргэж байна.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТАТАРСНААР ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАЛДАХ ЭРСДЭЛ ҮҮССЭН
Өнөөдрийг хүртэл манай улс Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсээ авто замаар тээвэрлэж, БНХАУ руу экспортолж байна. Манай гол худалдан авагч хэдхэн “алхмын” цаана байгаа ч бид ялангуяа, цар тахалтай нүүр тулсан жилүүдэд хилээр нүүрсээ гаргаж чадахгүй хүнд байдалд орох болсон. Энгийн үед Гашуунсухайт-Ганц мод боомтоор 1200 орчим автомашин нүүрс тээвэрлэн хилээр нэвтэрдэг байсан бол энэ тоо дөрөв дахин буюу огцом буурч, 200-300 машин л Хятадын тал руу нэвтэрдэг болоод удсан. Шалтгаан нь, Монгол талын жолооч нараас Коронавирусийн халдвар илэрч байгаа учраас, айлын талаас хяналтаа чангатгасан хэрэг. Тэд тавьдаг ганц шаардлага нь, хүн хоорондын харилцаа бага үүсгэх байдлаар нүүрсээ гарга гэдэг. Үүний хариуд жолооч нарыг бөмбөлөгт тээврийн зохион байгуулалтад оруулж, чингэлгээр нүүрс тээвэрлэж эхэлсэн ч нөхцөл байдал өмнөх шигээ бүрэн сэргэж чадахгүй л байна. Тиймээс манай улс уул уурхайн баялгаасаа төсвөө бүрдүүлэхийн тулд Төмөр зам л хамгийн чухал шийдэл болоод буй юм.
ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭР ХИЙСНЭЭР ЭКСПОРТ 30 ХУВИАР НЭМЭГДЭНЭ
Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам ашиглалтад орсноор нүүрс экспортын зардал 32 ам.доллараас 8 ам доллар болж, дөрөв дахин буурна. Ингэснээр уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн, тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнууд олборлолтын хэмжээгээ 2-3 дахин нэмэгдүүлэх тооцоо хийжээ. Цаашлаад, том зургаараа харвал, уул уурхайн салбарын эрдэс бүтээгдэхүүний экспорт 30 хувиар өсөх тооцоо гараад буй юм.
САНГИЙН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ: 2024 ОНД НҮҮРС ЭКСПОРТЫГ 50 САЯ ТОННД ХҮРГЭНЭ
Нүүрс экспортын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хэтийн төлвийн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ онд манай улс төсвөө дахин тодотгож, 18 сая тонн нүүрс экспортлохоор болоод байна. Одоогоор төлөвлөгөө 80 хувьд хүрээд байна. Улсын хэмжээнд өдөрт 110-120 мянган тонн нүүрс экспортолж байна. Гол боомтуудын нэг болох Гашуунсухайтад автомат удирдлагатай AGV ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлтийг гурван хэлбэрээр гаргах боломжтой боллоо. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орох гэж байна. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм. Боомтын сэргэлт бодлогын хэрэгжилтийн хүрээнд нүүрсний экспорт сэргэж байгаа бөгөөд энэ хэвээрээ үргэлжилбэл бид энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой. Шинэ сэргэлтийн бодлогод туссанаар Монгол Улс 2024 онд нүүрс экспортыг 50 сая тоннд хүргэх зорилт тавьж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн, Булган, Ханги боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс ачиж буулгах терминал, AGV, боомтуудын зам, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна” гэсэн юм.
Ийнхүү Монгол улс нүүрсний салбарын гарцаа тэлэх шинэ боломж нээгдэж байна. Үүнийг дагаад төсвийн орлого нэмэгдэх, эдийн засаг төрөлжих, үйлдвэрлэл хөгжих суурь бүрдэх зэрэг олон давуу тал бий болно гэж харж байна.