Гял цал болсон жорлонгийн хаалгыг нь налуулан тавьжээ. Үүдээр нь шарилж бас бус ургамал хөглөрөн ургасан байв. Эндээс харахад ийшээ хүн очдоггүй, тус жорлонд бие засдаггүй нь илт. Шинэ атлаа хаалга нь салснаас анзаарвал чанар муутай материалаар барьжээ гэж дүгнэж болохоор.
Жорлонд ороод сууж үзвэл халуун өдөр жаахан удаан суувал үнэр нь биед шингэхээр бүгчим, агааргүй, битүү юм. Бас яг хүн гишгэх зориулалттай хэсэг цемент нь энд тэндээсээ үүрмэг болон нурж байна. Энэ жорлон ч нэг л өдөр унаад дотор хүнтэйгээ хамт нурах вий гэж оршин суугчид “хөөрч” байлаа.
Музейд тавьсан үзмэр мэт айл бүрийн хашаанд нэг ийм жорлон бий. Үүнийг улсын төсвийн 2.2 сая төгрөгөөр айл бүрт “шахаж” байна.
2020 оноос эхлэн гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг шинэчилж эхэлсэн. Монгол улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг тусгаж, 2030 он гэхэд ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хүн амын 60 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам давхардсан тоогоор таван удаа тендер зарлаж, нийт 12 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Энэ санхүүжилтээр Туул голд цутгаж байгаа Сэлбэ гол, Улиастайн гол зэрэг салбар голын сав газрын 200 метр дотор байгаа оршин суух зөвшөөрөлтэй айл өрхүүдийн нүхэн жорлонг солих юм.
ХУУЧИН ЖОРЛОНГУУДЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ, ХӨРСӨӨР ХУЧААД, МОД ТАРЬДАГ
Бид энэ асуудлаар БОАЖЯ-ны орчны бохирдол ОББҮХ-ны дарга Б.Алтанзулаас тодрууллаа.
Нүхэн жорлонг ямар зорилгоор шинэчилж байгаа вэ? Төрөөс заавал айл өрхийн жорлонгийн асуудалд оролцох шаардлагатай юу?
Нянгийн бохирдол стандартаас 3-8 дахин илүү байна. Хамгийн их бохирдолтой хэсэг нь гэр хорооллын нүхэн жорлонгийн 3-8 метрт байна гэсэн судалгаа гарсан.
Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангаж, нянгийн бохирдлыг бууруулах зорилготой. Ингэснээр бороо хур элбэгтэй энэ үед гэдэсний савханцар, гэдэсний бусад халдварт өвчнүүдээс бага насны хүүхдүүд болон иргэдийг хамгаалах юм.
Одоогийн байдлаар 3300 нүхэн жорлон шинэчлэлтийг үндэсний хорооны санхүүжилтээр хийсэн.
Нэг жорлонг хэдэн төгрөгөөр хийж байна вэ? Хуучин нүхэн жорлонгуудыг яах вэ?
Бид нэг жорлонг 2.2 сая төгрөгөөр хийхээр төсөвлөсөн. Хуучин нүхэн жорлонгуудыг халдваргүйжүүлэх бодис хийгээд, дээрээс нь хөрсөөр хучаад мод тарьж байна. Энэ нь нянгийн бохирдлыг хамгийн хурдан хугацаанд арилгах зорилготой бөгөөд бургас зэрэг мод тарьж байна.
Хэдийн буулгаад, булаад, мод тарьсан байх ёстой хуучин жорлон нь айл өрхийн “жинхэнэ 00”. Өнгөрсөн тавдугаар сард шинэ нүхэн жорлон барьсан. Шинэ жорлондоо огт ордоггүй. Цаашдаа ч хуучин жорлонгоо хэрэглэсээр байх болно гэж тус хорооны иргэд ярьж байлаа. Энэ мэт ямар ч үр өгөөжгүй зүйлд улсын төсвийн мөнгө урссаар байна.
ХЭН Ч АШИГЛАДАГГҮЙ 2.2 САЯ ТӨГРӨГИЙН ЖОРЛОН
Жорлон шинэчлэлт иргэдэд ямар ашиг тутай байгаа тухай тус хорооны оршин суугч А.Амарбаатараас тодрууллаа.
Хэзээ энэ жорлонг барьсан бэ?
Өнгөрсөн тавдугаар сард барьсан. Нэг өдөр ажилдаа яваад ирэхэд л нүх ухаад, доод талыг нь бетондоод, хоёр цагираг хийсэн байсан. Ойролцоогоор 180 см орчим гүн байх. Хорооноос нэгдсэн журмаар тавьж байгаа учраас тавиул л гэсэн.
Одоо аль жорлонгоо ашиглаж байна вэ? Энэ жорлон танай хуучин жорлонгоос юугаараа ялгаатай байна вэ?
Одоо хуучин жорлонгоо байнга ашигладаг. Энэ жорлон агааржуулалтгүй, битүү учраас үнэр нь дийлдхээргүй санагдсан. Ороод, хаалгаа хаагаад суувал үнэр нь биед шингэхээр юм байна гээд хүүхдүүд огт орохгүй байна.
Стандартын дагуу хийсэн бол соруулдаг жорлон байсан. Хаагуур нь яаж соруулах вэ? Өвөл яаж соруулах вэ?
Бохир нь шингэн учраас зуны улиралд л соруулах боломжтой юм шиг байна. Өвлийн улиралд дүүрсэн тохиолдолд яах вэ гэж хорооноос асуухад “Ямар нэгэн аргаар цэвэрлэж, янзалж өгнө. Одоогоор шийдэл байхгүй байна” гэж хариулсан.
Цаашдаа ер нь шинэ жорлонгоо ашиглах уу?
Цаашдаа ч сурснаараа хуучин жорлонгоо л ашиглана. Манай хуучин жорлон агаар орно, үнэр бага учраас арай дээр. Бас дүүрэх болоогүй, цөөн ам бүлтэй учраас дахиад арваад жил дүүрэхгүй байх.
ИРГЭД: ЖОРЛОН СОЛИХ НЭРЭЭР МӨНГӨ “ИДЭХ” НЭГ АРГА ГЭЖ ХАРЖ БАЙНА
Бид иргэн А.Амарбаатарын хамар хашааны айлаас ч мөн шинэ жорлонгийн тухай сэтгэгдлийг асуусан юм. Тэрээр “Манайх хуучин жорлонгоо ашигладаг. Шинэ жорлонгоо хэрэглээгүй байхад л хаалга нь салаад унасан. Ер нь энэ зүгээр л мөнгө идэх арга байх. Ийм хэврэг жорлон 2.2 сая төгрөг яагаад ч хүрэхгүй” гэсэн юм.
ТӨРӨӨС АЙЛ ӨРХИЙН ЖОРЛОНГИЙН АСУУДАЛД “ХОШУУ НЭМЭХ” ШААРДЛАГАГҮЙ
“Жорлонгоо өөрчилье” багийнхан Баянзүрх дүүргийн 20-р хороонд очиж, шинэ барьсан жорлонг үзжээ. Тус багийн гишүүн Б.Дашнямаас төрөөс шинэчилж буй жорлон стандартад нийцсэн, үнэдээ тохирсон чанартай байсан эсэх талаар тодрууллаа.
Тэрээр, БОАЖЯ-аас зарласан тендерийн шалгуурт MNS5924-2015 гэдэг хуурай жорлонгийн стандартын дагуу барьна гэж заасан байсан.
Бид хэд хэдэн зүйл шүүмжилж байна. Үүнд:
- MNS5924-2015 стандартын жорлон соруулдаг байх шаардлагатай. Тэр жорлонг тойрч хараад яаж соруулах учрыг нь олоогүй. Хаанаас нь ямар машинаар, юугаар, яаж соруулах вэ гэдгийг ойлгоогүй. Соруулах боломжтой хэсэг байгаагүй гэсэн үг.
- Хөрсний усыг буцааж тэр нүх рүү оруулахгүй байх зорилгоор бетон кольцоор доторлодог. Өтгөн, шингэн хөрс рүүгээ нэвчихгүй байх ёстой. Гэтэл биднийг харахад хөрсний усаар дүүрсэн байсан. Бие засах боломжгүй, дүүрэн ус байсан.
- Хуурай жорлонг төмөр материал, сендвичээр хийх маш зохимжгүй гэдгийг бид төслийн арван жилийн хугацаанд олж мэдсэн. Амьсгалдаг материал учир жорлонг модоор хийдэг. Төмөр сендвич амьсгалдаггүй учраас зун маш бүгчим халуун, үнэр нь арилахгүй. Тэр жорлонгуудыг харахад зүгээр л лист төмрөөр хийсэн байсан.
Манай баг иргэдэд ямар ч үнэргүй, стандартад нийцсэн жорлонг 800 мянган төгрөгөөс эхлэн санал болгодог. Тухайн айл өрх өөрийн хэрэгцээнд нийцүүлэн, загвар саналаа хэлээд, үнэ тохироод хийлгэж болно.
Орчны бохирдол бууруулах ажил ашиг багатай учир том компаниуд сонирхдоггүй. Үүнийг жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс хийхэд тохиромжтой. Гэтэл үүнд төр оролцох нь зохимжгүй хэрэг. Харин төрөөс ногоон зээл гаргах байдлаар дэмжих хэрэгтэй.
Тендер зарлаад байгаа таван тэрбум төгрөгөө банкуудад ногоон зээл олгох хүүгийн хөнгөлөлт болгоод өгвөл ямар нэгэн асуудал үүсэхгүй.
ТӨРИЙН 2.2 САЯ ТӨГРӨГИЙН ЖОРЛОНГ ӨӨРӨӨ ХИЙВЭЛ ХОЁР ДАХИН БАГА ЗАРДЛААР ХИЙХ БОЛОМЖТОЙ
Төрөөс 2.2 сая төгрөгөөр хийж байгаа жорлонг өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр өөрсдөө хийвэл хэдэн төгрөг болох тухай зах зээл дээрх барилгын материалын үнийг судалж үзлээ.
Тодруулбал,
- Жорлон хийсэн гол материал болох сендвич нь нимгэн зузаанаас шалтгаалан 8500-12000 төгрөгийн үнэтэй байна. Нэг жорлонд ойролцоогоор 20 метр сендвич шаардлагатай.
- Жорлонг хүрээлсэн төмөр буюу угольник нь нимгэн зузаанаас хамааран нэг метр нь 5 000-10 000 төгрөгийн үнэтэй байна. Хоёр метр өндөртэй, нэг хүний жорлон барьвал ойролцоогоор 30 метр угольник шаардлагатай.
- Бетон кольцо нь хэмжээнээс хамааран 90 000-210 000 төгрөг /нэг жорлонд хоёр ширхэг кольцо орсон байна/
- Хоёр метр гүн жорлонгийн нүх ухах дундаж үнэлгээ 200 мянган төгрөг.
- Жорлон барих дундаж үнэлгээ 200 мянган төгрөг.
- Хүн гишгэх хэсэг буюу цемент ойролцоогоор гурван шуудай шаардлагатай. Нэг шуудай цемент дунджаар 25 мянган төгрөг. Цемент зуурах үнэлгээ ойролцоогоор 25 мянган төгрөг гэж тооцвол нэг цемент хавтан 100 мянган төгрөг болно.
- Бусад зардал-140 мянган төгрөг гэж тооцооллоо.
Эдгээр материалуудыг зах зээлийн үнийн хамгийн өндөр дүнгээр тооцоход нэг жорлон барих зардал ойролцоогоор 1.6 сая төгрөг болж байна. Гэтэл төрөөс тендер зарлаж 2.2 сая төгрөгөөр хийж байна.
2021 оны тавдугаар сард зарласан долоон тэрбум 560 сая төгрөгийн тендер нь үр дүнгүй, айл бүрийн хашаанд “хог” болон хөглөрч байхад БОАЖЯ-аас дахин 4.5 тэрбум төгрөгийн тендер зарлан, жорлон шинэчлэх ажил эхлүүлээд байна.
“Жорлон шинэчилнэ гэж зүгээр л мөнгө идэх арга ядсан арга шиг санагдаг байна” гэж шинэ жорлон “шахуулсан” Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны оршин суугчид ярьж байлаа.