Улсын дээд шүүхэд хандан С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэхгүй байх хүсэлтийг тус намын гишүүн Д.Алтанхуяг өнөөдөр гаргалаа.
Тэрбээр "С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулийг дуустал АН-ын дарга байсан. Сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээгээд намын даргаасаа огцорсон хэдий ч улс төрийн заль мэх ашиглан АН-ын үйл ажиллагааг будлиантуулж, тус намын олон мянган гишүүдийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр АН-ын даргаар хэн бүртгүүлэх ёстой вэ гэвэл М.Тулгат. Гэвч С.Эрдэнэ түүнийг намын даргаар бүртгүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байна. С.Эрдэнээс бусад бүх гишүүд АН нэгдэж хүчирхэг байгаасай, сонгуульд ялалт байгуулаасай гэж хүсэж байна. С.Эрдэнэ гэдэг хүнд Ардчилсан намыг сонгуульд ялуулах сонирхол байхгүй. Энэ нь тухайн хүний сүүлийн үед гаргаж буй үйлдлээс харагдаж байна. Иймээс Ардчилсан намыг С.Эрдэнээс салгахын тулд хуулийн дагуу тэмцэнэ. Үүний эхний арга хэмжээ нь өнөөдөр би Улсын дээд шүүхэд С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэхгүй байх хүсэлтийг гаргаж байна" гэв.