Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч, ногоон байгууламжийн тохижилт хийх тогтоолыг өчигдөр НИТХ-аар баталсан. Энэ талаар дэлгэрүүлж албаныхан мэдээлэл хийлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажил эрчимтэй явагдах боломж бүрдлээ. Энэ талаар мэдээллийг Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Мөнх-Эрдэнэ, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал Мэндбаяр нар мэдээллээ. Хүүхдийн паркийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд
1. Өнгөрсөн хавар паркийн эргэн тойрны хашааг буулгасан. Сул чөлөөтэй энэ газрыг нийслэл буцаан авч 10.2 га газарт ногоон байгууламж бий болгон залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн барина. Нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө гарахгүй хөрөнгө оруулагчаас санхүүжилтийг шийдэхээр тохиролцлоо.
2. 2015 оноос эхлэн нийслэлд жил бүр 698 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон. Харин энэ нь Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбогдон 2017 онд зогссон байсан. Харин үүнийг энэ жилээс буцаан сэргээн нийслэлийн төсөвт жил бүр 800 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
3. Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын хүрээнд дөрвөн тоглоомыг шинээр авч, дулаантай холбоотой бүтээн байгуулалтууд хийгдсэн. Дараагийн ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 он гэхэд дуусгана.
4. Мөн паркийг жилийн дөрвөн улиралд ажиллах боломжоор хангахаар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Цаашид парк өөрийн санхүүгийн хувьд бие даасан байдалтай болох учир жил бүр тоглоомоо шинэчилнэ.