ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх долоо хоногт Узбекистанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байгаа талаар Тасс агентлаг мэдээллээ. Ингэснээр Украины дайнаас хойш хоёр орны удирдагчид анх удаа уулзах юм.
Ши Жиньпин цар тахлын нөхцөл байдлаас болоод багагүй хугацааны дараа эх орноосоо гарах гэж байгаа нь энэ. Удахгүй БНХАУ-ын Коммунист намын XX их хурлаар түүний гурав дахь бүрэн эрхийг сунгах талаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Ши Жиньпиний хувьд ч улс төрийн хувьд “тогтворгүй” энэ үед гадаад бодлогодоо ихээр анхаарах болсон юм.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшүгийн ОХУ дахь айлчлалыг В.Путин, Ши Жиньпины уулзалтын урьдач нөхцөл гэж шинжээчид таамаглаж байсан нь ийнхүү биеллээ олох гэж байна. Түүнчлэн ШХАБ-ын биечилсэн уулзалт ийнхүү цар тахлын дараа анх удаа болох гэж байгааг НАТО-гийн эсрэг уулзалт ч гэж зарим хэвлэлүүд гарчиглаж амжсан.
Украины дайнаас хойш улам бэхэжсэн БНХАУ, ОХУ-ын харилцаа сансар судлалын салбарт ч мөн идэвхтэй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN