Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өчигдөр /2022.09.07/ бараалхлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.
"Дорнын эдийн засгийн VII чуулган”-ынэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан. Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан.
Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР