ОХУ-ын Владивосток хотноо “Дорнын эдийн засгийн чуулган 2022” есдүгээр сарын тавнаас наймны хооронд болж байна. Энэ жилийн чуулганд 60 гаруй орны төлөөллүүд оролцож байна. Чуулганд манай улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшү нар багтаж байна. БНХАУ-ын дээрээсээ гуравт бичигдэх албан тушаалтай Ли Жаньшү энэ амралтын өдрүүдээр манай улсад мөн айлчлах юм.
Алс дорнодын бүс нутагт 2700 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа нь эдийн засгийн шинэ боломж, төв хөгжиж байгааг харуулж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин илтгэлийнхээ үеэр онцоллоо. Тодруулбал, Украины дайнаас болж ОХУ ямар нэг зүйл алдаагүй, цаашид ч энэ эрсдэл хол байна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм. Тэрээр ОХУ барууны эдийн засаг, технологийн хоригийг тэсэж чадсан тул АНУ тэргүүтэй барууны эвслийн оролдлогууд бүтэлгүйтэж байгааг илэрхийлжээ. Түүнчлэн Азийн орнууд /БНХАУ, Энэтхэгийг онцлов/ эдийн засгаа тэлж буйтай холбогдуулан барууны орнуудыг ОХУ-ыг тусгаарлах гэсэн оролдлого дэлхийн эдийн засгийг сүйрүүлнэ гэж хэлсэн.
Тэгвэл барууны орнууд энэ жилийн чуулганыг ОХУ-ын “эдийн засгаа аврах” гэсэн алхам гэж харж байна. Нэн ялангуяа БНХАУ, Энэтхэг улсуудтай харилцаагаа бататгахыг эрмэлзэж байгаа нь Ази дахь түншүүдээ найдвартай ар болгох гэсэн санаархал гэж барууны хэвлэлүүд шүүмжилжээ. Хэдий Энэтхэг улс Орос-Украины дайнд төвийг сахисан байр суурь илэрхийлж байгаа ч энэ удаагийн чуулган ОХУ-тай харилцах харилцаанд нь шинэ шат авчирч байгаа юм.
Дүгнэвэл, Дорнын эдийн засгийн чуулган-2022 нь ОХУ алс дорнодын түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх боломж болсон бол барууны орнууд энэ чуулганыг ОХУ-ын “аргаа барсан” үйлдэл гэж харж байгааг хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: BBC, Associated Press, NBC