Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-ын мэдээлэлд 18-24 насны эмэгтэйчүүдийн 25, эрэгтэйчүүдийн13 хувь нь бэлгийн дарамтад өртсөн талаар мэдээлжээ.
Харин Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим Тандалтын судалгааны үр дүнгээс харахад ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөгсдийн 98 хувийг эмэгтэйчүүд эзэлж, үйлдэгчдийн 97,5 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Тэдний 88,2 хувь нь дээд боловсролтой, 69,2 хувь нь удирдах албан тушаалтнууд байсан гэнэ.
Мөн сургуулийн орчинд бэлгийн дарамт байгаагаас үүдэн охид сургуулиасаа гарч, бүр цаашлаад сургуулийн болон байшингийн дээвэр дээрээс үсэрч амь насаа хохироосон тохиолдол гарсан байна.
Бэлгийн дарамт нь бэлгийн хүчирхийллийн нэг төрөлд хамаарна. Хүсээгүй үед хурьцал үйлдэх нь бэлгийн хүчирхийллийн тэвчишгүй хэлбэр бол хүсээгүй тохиолдол үсний үзүүрт хүрэх, 1-1.5 метрийн зайтай ойртох нь хүртэл бэлгийн дарамтад хамаардаг байна.
ХОХИРОГЧИЙГ БУРУУТГАХ НИЙГМИЙН ТОГТСОН ХАНДЛАГА БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАГЧДЫГ ӨӨГШҮҮЛДЭГ
Нийгмийн сөрөг хандлагаас үүдэн бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд үүнийгээ нууж, хэн нэгэнд хэлэхээс, хуулийн байгууллагад хандахаас санаа нь зовдог. Энэ нь нийгэм хохирогч эмэгтэйчүүдийг буруутгах хандлагатай байдагтай холбоотой юм. Жишээ нь эмэгтэйчүүдийг “өөрсдөө маягласан”, “эсрэг хүйстнийхээ сэрлийг өдөөх байдалтай хувцасласан” гэх зэргээр шүүмжлэн ярьдаг.
Ажлын байрны бэлгийн дарамтыг үйлдэх хэлбэрээр нь:
- Биеэр үйлдэх
- Үгээр үйлдэх
- Бусад гэж ангилдаг
Биеэр үйлдэх гэдэгт, зөвшөөрөлгүй биед хүрэх, тэврэн алгадах, чимхэх, илэх, үнсэх, тэврэх, энхрийлэх болон бусад зүй зохисгүй байдлаар биед халдах, биеийн хүч хэрэглэх, биед хүрэх, ажил эрхлэлттэй холбоотойгоор бэлгийн харьцаанд орох, бэлгийн халдлага хийх, хүчиндэх зэрэг орно.
ДАРГЫН ҮЗҮҮЛДЭГ БЭЛГИЙН ДАРАМТ, НӨХРИЙГ МИНЬ ДОРОМЖИЛЖ БУЙ ХЭЛБЭР
Тохиолдол нэг:
Намайг туслах шүүгч байхад шүүгч маань нууц эрхтнээ барь гээд туслах шүүгч хүүхнүүдийн хөхийг базалж, "Сайхан амьтан, сайхан хүүхэн. Гайхуулах юмтай хүүхэн" гэх мэтээр морь мал шиг ялгаж, нэр хоч өгдөг байсан. Бидний хэн нь ч эсэргүүцэж чадахгүй, дотроо л дургүйцэхээс цаашгүй. Гэтэл энэ нь бидэнд ямар их доромжлол болохыг бид өөр хоорондоо ярих төдийгөөс хэтэрч байсангүй. Зарим гэр бүлтэй нь эр нөхрөө давхар доромжлуулж байгаа юм шиг үнэхээр муухай.
Тохиолдол хоёр:
Нэгэн сумын удирдах албан тушаалтнууд Засаг даргын тамгын газарт ажилладаг эмэгтэйг утсаар хуурч мэхлэн өөрсдийн байсан газраа авч ирж, хэрцгий байдлаар бэлгийн харьцаа үйлдэн тамлан зовоосон. Энэ хэргийн дараа хохирогч сэтгэл санааны гүн хямралд орж, ажлын байраа алдсаны зэрэгцээ, эрүүл мэнд, сэтгэл зүйн засал хийлгэх зэрэг эдийн засгийн хүндрэлүүд учирсан ба тэрээр төрийн бус байгууллагуудын дэмжлэг тусламжтайгаар хэвийн байдалдаа эргэн ороход 2-4 жил зарцуулсан. Энэ хэрэг нь хүчиндэх гэмт хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан.
Үгээр үйлдэх гэдэгт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн харагдах байдал, нас, хувийн амьдралтай холбоотой санаа бодол илэрхийлэх, бэлгийн агуулгатай тоглоом шоглоом хийх, хошигнол түүх ярих, хэлэх, бэлгийн харьцааны санал тавих, уулзаж болзох хүсэлтийг олон дахин тавих, биеэр ойртох хүсэлт тавих, эрх мэдэл, хүч чадлаар далайлган элдэв зүйл амлах, өндөр цалин, урамшуулал, зэрэг дэв, цол хэргэм, сайн дүн, албан тушаал аливаа бусад боломжийг санал болгох, амлах, оронд нь бэлгийн таашаал үзүүлэхийг шаардах, дарамтлах, ганцаардуулах, гадуурхах, хүйсээр ялгаварлах, хавчих зэргээр сэтгэлээр унагаж албадах, хүний нэр төр, гадаад төрх, бие галбир, хувийн амьдралыг нь гутаан доромжлох, хүйсээр нь басамжлах, дорд үзэх, үгээр халдах зэрэг орно.
ДАРГАТАЙ ХАМТ САУНД ОРОХООС ТАТГАЛЗСАНЫХАА ТӨЛӨӨ “ХӨЛДҮҮ ХҮҮХЭН” ГЭЖ ДОРОМЖЛУУЛСАН
Тохиолдол нэг:
Манай хэлтсийн удирдлага өрөөндөө дуудаж, уртасгасан цагаар сууж ажиллахаас нааш дуусахгүй даалгавар өгсөн. Түүнийг нь дуусгах санаатай орой сууж ажиллаж байтал, унтах хэвтэх санал тавьж, хамт саунд орж алжаалаа тайлаад ирэх үү гэсэн. Би "Ажлаа дуусгах хэрэгтэй, тэгээд ч гэр бүл рүүгээ яарч байна" гэхэд “Хөлдүү хүүхэн юм аа” гэсэн. Энэ байдалд ганц би ороогүй. Манайхан хэлтсийн даргын ийм занг мэддэг, хоорондоо ярьдаг.
ЁС БУС ДҮРС БИЧЛЭГ, ЗУРАГ ЯВУУЛАХ НЬ БЭЛГИЙН ДАРАМТ МӨН
Бусад хэлбэрээр үйлдэх гэдэгт ёс бус байдлыг харуулсан зураг, порно материал өгөх, үзүүлэх, захиа зурвас, е-мэйл, факс, бичлэг явуулах, бичгээр албадах, зохисгүй элдэв дуу авиа гаргах, гар хуруу, хөл гуя, уруул, нүд харцаараа бэлгийн харьцаанд өдөж, дохио зангаагаар албадах зэрэг юм.
Тохиолдол нэг:
…дугаарын утаснаас…даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсэж байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Хүүе. Чи даргатайгаа хэзээ уулзах юм. Чамайг 3 жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй…Чи халагдсан… Явж ажлаа ол, чамайг ажиллуулахгүй..гэх зэргээр 46 удаагийн мессежийг дарга илгээж, улмаар орон тоо цомхотгох үндэслэлээр намайг ажлаас халсан гэж ярьжээ.
АББД-д өртсөн хохирогч дараах сэтгэл зүйн дарамт, цохилтод өртөх нь түгээмэл байдаг.
Үүнд:
- Байнгын айдас, түгшүүртэй байх;
- Өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болох;
- Сэтгэл зүйн болон зан үйлд өөрчлөлт орох;
- Стрессээс үүдэлтэй бие махбодын болон сэтгэцийн
- өвчтэй болох;
- Мансууруулах бодис болон согтууруулах ундаа
- хэтрүүлэн хэрэглэх зуршилтай болох;
- Ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшилгүй болох;
- Ажилгүй болох;
- Амиа хорлох оролдлого хийх
Хэрвээ та бэлгийн дарамтад өртдөг, хаана хандахаа төдийлөн мэддэггүй бол ЭНД дарж гомдол гаргах эрх зүйн байгууллага болон өргөдөл бичих загвартай танилцаарай.
ЭХ СУРВАЛЖ: Жендерийн үндэсний хорооны 2020 оны судалгаа