Мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Тодруулбал, экспортын эрхгүйгээр мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авсан, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэхэд ямар зөрчил илэрсэн талаар мэдээллээ.
Дээрх шалгалтын хүрээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 49 аж ахуйн нэгжийн агуулахад шалгалт хийсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж нь нийт 14037.18 тонн мах хадгалж байжээ. Экспортлох эрхтэй 13 аж ахуйн нэгжийн Дулааны Аргаар Бэлтгэсэн 7440.6 тонн махны асуудал байгаа гэдгийг МХЕГ-ын дарга Б.Баасандорж хэллээ.
Үүнээс: Экспортлох эрхтэй 12 аж ахуй нэгжийн 7415.6 тонн мах чанарын шаардлага хангасан. Харин нэг аж ахуйн нэгжийн 25 тонн мах чанарын шаардлага хангаагүй гэв.
Стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийднэ. МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсон талаар олон хүн асууж байна.
Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан. Шалгалтын хүрээнд мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаа явуулахыг нь зогсоолоо гэж мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс мэдэгдлээ.