“Фантастик” продакшн "Өргөө" кино театртай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлан, олон нийтэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хурлын үеэр найруулагч Б.Тамир хэлэхдээ “Улаанбаатар хотод гэхэд Өргөөгийн долоон салбар байна. Энэ давуу байдлаа ашиглан Монголын кино уран бүтээлчдийн дунд “Өргөө” өнөөг хүртэл монополь байдалтай байсан.
Хуульд бизнесийн байгууллагууд хамтарч ажиллан ашгаа 50/50 хувь хувааж авах ёстой байдаг. Гэтэл Өргөөгийн зүгээс гэрээндээ 56.1 хувийн ашиг аваад зогсохгүй “Сод Монгол” группээс бензин 10 хувьд ноогдуулан авахаар тусгадаг байсан.
Ингэхээр бараг ашгийн 70 хувийг "Өргөө"-гийн зүгээс ганц манайх ч биш бусад кино уран бүтээлчдээс авсаар ирсэн. Энэ нь удаа хугацааны турш үргэлжилсэн.
Харин бид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласны ачаар өнөө өглөөхөн гэрээг өөрчлөх болсноо мэдэгдлээ.
Энэ гэрээг хийснээр зөвхөн бид биш нийт уран бүтээлчид тустай ажил боллоо. Үүнд баяртай байна. Ийм шийдвэр гаргасанд Өргөөгийн хамт олонд баярлаж байна" гэлээ.
Ийнхүү албан мэдээ дуусаж шинээр нээх кинотой холбоотой мэдээлэл өглөө.
Улмаар үргэлжлүүлэн "Шинэ киногоо бүх театраар гаргана. “Цурам ажиллагаа II" кино нийт 52 хоног зураг авалт үргэлжилсэн. Тэрбум төгрөгөөр бүтээгдсэн.
Бидэнд кинотой холбоотой дайралтууд ирж байна. Кино нээсний араас ямар процесс явагдана гэдгийг мэдэхгүй байна. Үүнээс ч айхгүй байна. Дайралтууд хэр хэмжээнээс хэтэрвэл бид дахин хэвлэлийн бага хурал зарлана.
Бид киногоороо “Монгол үзэгчдийн дархлааг авч үзэхэд хичээн ажиллаж байна” гэлээ.