Цагтаа төрийн гурван өндөрлөгийн суудалд тухалж явсан Н.Энхбаяр улстөрөөс холдох болоогүй л байна. Тэр МАН-тайгаа эргэн нийлж, бүр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг хэсгийг ахалж ажиллаж байна. Эрх баригчид цаашид УИХ-ын гишүүдийн тоог 100 давуулах, сонгуулийн холимог тогтолцоонд шилжих зэрэг хэд хэдэн зүйл дээр жижиг намуудтай санал солилцсон. Энэ өөрчлөлтөө хийхдээ тэд аль болох өөрт ашигтай байх хувилбараа тооцоолж байна. Тэр ашиг сонирхлыг нь Н.Энхбаяр зангидах нь.
“МАНАН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЫГ ЗАЛГИЛАА”
МАН-аас салан тусгаарлаж, тэмцэгчийн дүрээр эргэн ирсэн Н.Энхбаярыг сүүлийн 10-аад жил “Улс орон уруудан доройтлоо. АН, МАН хоёр үгүй болсон цагт л Монгол орон дэвжин дээшилнэ” гэдэг байлаа. Гэвч түүний “ноён нуруу” хугарч, унаган намдаа эргэн нэгдсэн. Үүнийхээ шагналыг ч бага багаар хүртэж, хүү Э.Батшугарыгаа УИХ-ын гишүүн хүртэл болгож амжсан. МАН-аас БОАЖ-ын сайдын квот авсан ч түүнийгээ под хийсэн үнээр “зарчихсан” гэх яриа ч улстөрийн хүрээнд бий. Ерөөсөө л, улстөрчид өөрийнхөө төлөө л “орилдог”, албан тушаалд хүрчихээд амаа хамхиад суучихдаг нь бодит үнэ. Үүний жишээ нь, тэр, түүний намынхан болов.
МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ АМЛАЛТАА МАРТСАН УУ?
Н.Энхбаяр МАН-тай эргэн нэгдэхээсээ өмнө Үндсэн хуулиа эрс өөрчилж, Монгол хүн бүрийг амьдралд нь хүрэлцэхүйц цалин орлоготой болгоно гэж ярьдаг байв. “Залуу гэр бүлийг дэмжиж орон сууц үнэгүй олгоно. Байгалийн баялгаас жил бүр хувь хүртээнэ. Шүүгчдийг ард түмнээс сонгодог болно. Иргэн бүрийн цалин эрс нэмж, амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээтэй болгоно хэмээн хоёрхон жилийн өмнө л ярьж явлаа. Гэвч энэ бүхнээ тэр жишим ч үгүй мартаж, эрх баригчдынхаа хөлд нь сууж явна. Хүү нь гишүүн болж байвал, өөрөө мөнгө олж байвал, өөрөө тухалж суувал хэдэ жил худал хэлээд гүйхэд юу нь болохгүй гэж хэмээн ичиж эмээхгүй л боддог бололтой.
Н.СҮХБААТАР, Ж.СҮХБААТАР…. ТЭД ОЛУУЛАА ХӨТЛӨЛЦӨӨД АЛГА БОЛСОН
Н.Энхбаярыг дагаар орсон улстөрчид эхнээсээ цуварч зугтсаар МАН руу орсон байдаг. Харин Н.Энхбаяр нь тэднийхээ араас намаа тараагаад ороход хүрлээ. Ганцхан жишээ дурдахад, 2016 оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж Сонгуулийн Ерөнхий хороо үзсэн байдаг. Улмаар, Н.Энхбаяр намынхнаа цуглуулж, Ялалтын талбайд гэр барьж, гурван өдөр суулт зарласан. Тэр дунд МАН-ын гишүүн, хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар байв. Тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2016 оны зургаадугаар сард “АН, МАН хоёр нийлээд биднийг басамжилж байна. Ардчилсан намынхан дарангуйлал тогтоолоо. МАН үүнд нь хүч нэмлээ” гэж байв. Гэвч тэр удалгүй “шантарч” сонгуульд МАН ялсны дараахан эрх баригч нам руу гүйж орсон байдаг. Энэ дунд нь цэвэр итгэл үнэмшлээрээ тэднийг дэмжсэн, хоолтой хоолгүй даарч зогссон гишүүд дэмжигчид нь ч л хохирсон. Тэдний жинхэн дүр төрх нь л энэ.
Улстөрчид иргэдийг ашиглаад л дуусдаг. Хоосон хийрхэж, зөвхөн мөнгөний төлөө явдгийн ганцхан жишээ нь Н.Энхбаяр ба түүний нөхөд. Тэд бас нэг юм бодчихсон л гүйж яваа. Харин юунд санаархаж, хаашаа зүтгэх бол… Үүндээ хэнийг ашиглах бол…