Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өчигдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.
Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байгуулах юм. Тус хороонд төрийн өмчийн нэг сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү шинэ сургууль ашиглалтад орсноор 1200 хүүхдийг хүлээн авах юм. Сургууль нь орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдох бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдана.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү сургуулийг мэдээлэл, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль болгохоор төлөвлөж байна. Энэтхэг улсаас ирж ажиллах багш, албан хаагчдын байрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ уламжилж ирэх хичээлийн жилд сургуулийн шинэ барилга ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Эх сурвалж: БШУЯ