Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр зарим хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн. Энэ үеэр сэтгүүлч С.Будрагчаагийн хувийн амьдралын талаар зохисгүй үгс хэлжээ.
Тэрбээр "Манай нэг сурагчийн эцэг, эх над руу "Манай нутгийн залуу байгаа юм. Хөөрхий эцэггүй учраас эмээ, өвөө нь өсгөсөн. Ээж нь архичин хүн. Энэ хүнд өмч байхгүй учраас юу ч хийхээс буцахгүй болжээ, захирал аа" гэж бичсэн. Би ч амьдрал ахуй муутай, ядуу тарчиг өссөн хүүхдийг олон янзаар дуудаад баймааргүй байна. Хуулийн дагуу шалгуулна" гэж ярьжээ.
Иймд хөдөлмөрийн гэрээг нь цуцлах саналыг Оросын талд хүргүүлэх тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа дамжуулан мэдээлээ.
Тэрбээр "Сурган хүмүүжүүлэгч хүн ийм ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежер байж болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, удирдах зөвлөлд хүргэнэ" гэв.
Сэтгүүлч С.Будрагчаа Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус байж болзошгүй үйлдлийг олон нийтэд мэдээлсэн. Тухайн үед түүний биед халдсан хэрэг энэ оны есдүгээр сарын 1-нд гарсан юм.