Нийслэлийн болон орон нутгийн дунд сургууль дээр охидын үзлэг хийж буй нь өсвөр насны охидын эрхийг ноцтой зөрчиж буй болхи үйлдэл болох талаар "Хөөрхөн зүрх" ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн хэллээ. Энэ үзлэгийг сургууль дээр зохион байгуулахдаа охидын эрт жирэмслэлт, БЗДХ өвчнөөс сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлэхээр ажилладаг. Гэтэл энэ нь өсвөр насны охидыг анги, сургуульд нь ичгэвтэр байдалд оруулах, сургуулиас гарах бүр цаашлаад амиа хорлох эрсдлийг ч бий болгодог.
-Шинжлэх ухаан хөгжсөн, соёлжсон өнөө цагт охидыг үзлэгт хамруулах нь хүний эрхэнд халдсан, болхи үйлдэл гэж шүүмжлэх хүн олон. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?
-2019 онд орон нутгийн сургууль дээр охидын үзлэг хийж байна гэсэн мэдээллийн дагуу иргэний нийгмийн байгууллагууд болон манай "Хөөрхөн зүрх" ТББ хамтран үүнийг зогсоох зөвлөмж, уриалга, албан бичиг гаргаж байсан. Түүнээс хойш охид нэгдэн “Өсвөрийн дуу хоолой” гэх өөрөө удирдах байгууллагыг үүсгэж судалгаа явуулсан. Сургууль дээр хэн нэгний зөвшөөрөлгүйгээр үзлэг зохион байгуулж, хүний эрхэнд халдаж байна гэж үзсэн юм. Ингээд хүний эрхийг зөрчсөн олон тоо баримт гаргасан байгаа.
Үүний дараагаар "Хөөрхөн зүрх" ТББ болон Гүнж төв хамтран боловсролын орчинд охидын үзлэг зохион байгуулахыг таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн. Учир нь үзлэг гэх энэ үйлдлээрээ хүүхдийн халдашгүй эрхэнд төр өөрөө дураараа халдаж байсан юм. Өөрөөр хэлбэл хүний эрхийн ноцтой зөрчил гээд таслан зогсоох арга хэмжээ авч эхэлсэн. Үүний үр дүнд БШУЯ-ны харьяа Бага дунд боловсролын ерөнхий газрын дарга асан Ням-Очирын тушаалаар 2021 оны тавдугаар сард боловролын орчинд охидын үзлэгийг зохион байгуулахгүй байх албан чиглэлийг сургуулиудад өгсөн. Гэсэн ч сургуулийн мэргэжилтнүүд хангалттай мэдээлэл аваагүй. Охидын үзлэг яагаад хүний эрхийн зөрчил болоод байгаа талаар мэдлэг байхгүйгээс үүдэн дахин, дахин энэ асуудал гарсаар байна.
-Охидын үзлэг гэж байдагтай адил хөвгүүдийн үзлэг гэж бий юү?
-Яагаад ихэвчлэн охидыг үзлэгт хамруулдаг гэхээр жендерийн ялгаварлан гадуурхалтай холбоотой. Тэгш бус байдлыг сургуулийн орчин бий болгож байна гэсэн үг. Охид жирэмсэн болдог, хүчирхийлэлд өртдөг гээд хүч хэрэглэж, үзлэгт оруулсан байж боломгүй тохиолдлууд гараад байна.
-Охидын үзлэг яагаад хүний эрхийн зөрчил болох талаар ярьж өгөөч?
Нэгдүгээрт бидэнд хувийн орон зай гэж бий. Бидний биед хэн нэгэн дураараа хүрч болохгүй. Үүнийг хүүхдэдээ зааж сургадаг мөртлөө өсвөр насны охид дээр үүнийгээ зөрчих гээд байна. Энэ насны охидууд жирэмсэн болох, халдварт өвчин авах, хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай гэж ярьсан хэрнээ эргээд хувийн орон зайд нь дураараа халдаж, хүч хэрэглэн үзлэгт оруулж байгаа учраас наад захын эрхийг нь зөрчиж байна гэсэн үг.
Үзлэгт орсон охидуудад ямар асуудал гардаг талаар охид өөрсдөө судалгаа хийсэн байна. Нэгдүгээрт хувийн нууцад нь халддаг. Үзлэгт орсон охинд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байлаа гэхэд анги удирдсан багш нь энэ тухай мэдчихнэ. Ингээд анги дотроо жигшигдэнэ. Үүнээс үүдэн сургуулиасаа гарах, завсардсан хэд хэдэн тохиолдол бий.
Мөн үзлэг хийхдээ хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлнэ гэж ярьдаг. Ингээд тухайн нэг охинд дахин хүч хэрэглэн эмзэг газар нь хүрчхээр тархи нь сэтгэцийн гэмтэл авах эрсдэлтэй. Ийм тохиолдлууд цөөн биш гарч байна. Үүнээс болоод амиа хорлох хүртэл эрсдэл үүснэ.
Зуны болон улирлын амралт дууссаны дараа охидыг үзлэгт хамруулах нь их байдаг. Учир нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн хараа хяналт энэ үед суларсан гэж үздэг. Охидын үзлэг бол социализмын үеийн болхи арга хэрэгсэл. Бид урагшаа алхах биш хойшоо алхаад байгаа гэхэд болно. Мэдээж эрүүл мэндийн үзлэгийг эсэргүүцэх шаардлагагүй. Гэхдээ зөвхөн охид гэх байдлаар тэдний эрхэнд халдаж болохгүй. Манай охид нэг үеэ бодвол эрхээ мэддэг болсонд талархаж байгаа.