“Хиннамнор” хар салхи зүүн Азийн орнуудад аюул дагуулаад байна. Тухайлбал БНСУ-ын зүүн өмнөд хэсгийн Пухан хотыг дайрсан энэхүү шуурганаас болж найман хүн алга болсон. Ингэснээр уг хар шуурганаас болж нийт хоёр хүн амь эрсдэж, 10 хүн алга болоод байгааг Yonhap агентлаг мэдээллээ. Амь эрсдсэн хүмүүс нь 70-аас дээш насны эмэгтэйчүүд байна.
Улсын хэмжээнд хөрсний гулгалт, үерийн аюултай бүсэд байгаа 2143 айл өрхийн 2909 иргэнийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлж, 66341 айлын цахилгаан тасарч, сэргээн засварлах ажил үргэлжилж байна.Жэжү болон бусад газарт нийт найман байшин, барилга усанд автсан бөгөөд далайн хар салхины улмаас загас агнуурын дөрвөн завь хөмөрчээ.
Түүнчлэн далайн эрэг орчмын бүс нутгуудад хүчтэй шуурга шуурч, хүчтэй давлагаа үүсэж болзошгүй тул болгоомжтой байхыг цаг уурын агентлагаас анхаарууллаа. Ерөнхийлөгч Юн Сук Ёол "хар салхи бүрэн өнгөрөх хүртэл сонор сэрэмжтэй байх"-ыг ард түмэндээ уриалсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP AGENCY