Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
МҮХХУАкадеми нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх урт, богино хугацааны болон олон улсын зэрэг олгох боловсролын хөтөлбөр, сургалт зохион байгуулдаг байсан бол энэ удаа үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт чиглэсэн хөтөлбөр санаачилж ШУТИС-ийн Барилга архитектурын сургуультай хамтран ажиллахаар боллоо.
Санамж бичгийн зорилго нь үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг хадгалж, ирээдүйн үнэ цэнийг өсгөх үйлчилгээг үзүүлдэг бүх шатны мэргэжилтнийг академик түвшинд бэлтгэж, онол болон практик мэдлэг хосолсон, салбарын онцлогт суурилсан сургалтын баазыг бий болгох юм.
ШУТИС нь барилгын салбарын инженер техникийн суурь мэргэжилтнүүдийг бэлддэг хамгийн том их сургууль бөгөөд тус 2 байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн менежментийн шилдэг багш, судлаач, топ компанийн захирлуудын оролцоотой хөтөлбөр хэрэгжих юм.
Хөтөлбөрт үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарыг сонирхдог хувь хүн, аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоод, болон ОСНААУГ менежментийн ажилтнууд хамрагдах боломжтой.
Мөн сургалтаас үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагааны суурь мэдлэг авахаас гадна МҮХХУА болон ШУТИС хамтарсан сертификат-тай болох, цаашид тус байгууллагуудын боловсролын урт хугацааны хөтөлбөрт хамрагдахдаа уг кредит цагийг тооцуулах боломжийг тэд бүрдүүлжээ. Тус сургалт нь энэ оны есдүгээр сарын 29,30-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: https://www.facebook.com/RealEstateAcademyMongolia