"Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм" судалгааг Монголын Банкны Холбооноос танилцууллаа.
Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг макро эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Эхний хагас жилд эдийн засаг 1.9 хувиар өссөн. Ийнхүү өсөхөд уул уурхайн бус салбар ялангуяа үйлчилгээний салбарын хувь нэмэр их байсан.
Уул уурхайн салбарын экспорт олборлолт бага байснаас болоод эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний цэвэр татвар эдийн засгийн өсөлтийг эерэг гаргахад чухал нөлөө үзүүлсэн юм.
Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 64 хувиар өссөн . Хил гаалийн хязгаарлалт экспортод сөргөөр нөлөөлж буй хэдий ч цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Импорт тогтвортой өсөлттэй байгаа. Экспортын нөхцөл байдал сайжирч, гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан" гэлээ.
Харин төгрөгийн ханшийн тухайд "Төгрөгийн ханш суларсан боловч инфляцыг гүйцэж сулраагүй".
Инфляцыг эхний хагас жилийн байдлаар 16 хувьтай байсан. Төгрөгийн ханш 16 хувиас бага суларсан нөхцөлтэй байна.
Төлбөрийн тэнцлийн хувьд эхний хагас жилийн байдлаар 104 сая төгрөгийн алдагдалтай байна.Нүүрсний экспорт эхний хагаст уналттай байсан ч хоёрдугаар хагаст сэргэж эхэлсэн нь эергээр нөлөөлсөн.
Гадаад валютын нөөц өнгөрсөн оныг бодвол буурсан хэдий ч таван сарын импорттой тэнцэх нөөцтэй байна. ОУ-д гурван сараас дээш байвал зохистой гэж үздэг.
Инфляцын хувьд эхний хагас жилийн байдлаар 16.2 хувьтай гарсан. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ, тээвэр логистикийн хүндрэлүүд үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлж байна. Үнийн өсөлт иргэдийн бодит худалдан авалтад дарамт учруулахаар өндөр түвшинд байгаа юм" гэлээ.