Дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Нийгэмлэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар үүсэн байгуулагдсаны нэг жилийн ойг тохиолдуулан Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн төвд “Тогтвортой хөгжлийн зорилгын өртөөт аялал” энэ сарын 3-ны Бямба гарагт зохион байгуулагдлаа.
Олон нийтэд нээлттэй энэхүү арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн зорилгууд болон тэдгээрийн хүрээнд хийгдсэн НҮБ-ын Нийгэмлэгийн үйл ажиллагааг танилцуулж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн зочид хөгжөөнт тоглоом, эрүүл мэндийн үзлэг, асуулт хариултын тэмцээн зэрэг үйл ажиллагаанд хамрагдсан юм.
Арга хэмжээнд НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх сайн дурын ажилтнуудын оролцоо, тэр дундаа НҮБ-ын Нийгэмлэгийн үйл ажиллагааны ач холбогдлыг онцоллоо. Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн болон “Misheel Walking Street”-ийн зүгээс тус арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулжээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг нь “боломжийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор тогтвортой хөгжлийг дэмжсэн шинэлэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх” зорилтыг тавин сүүлийн нэг жилийн турш хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Жишээлбэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг энэ оны хавар хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн ЮНЕСКО-гийн Ази, номхон далайн харилцан ойлголцлын төлөөх боловсролын төв (UNESCO APCEIU)-ийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн иргэний боловсрол”-ыг залуу анагаахын мэргэжилтнүүд болон залуу багш нарт олгох цахим, танхим хосолсон сургалтуудыг явуулсан.
Орон нутгийн залуусын Тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөөх манлайллыг нэмэгдүүлэх үүднээс Увс аймагт залуусын манлайллын хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Монгол дахь НҮБ-тай хамтран “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг энэ оны найман сард эхлүүлжээ.
18 наснаас дээш хэн бүхэн НҮБ-ын Нийгэмлэгийн гишүүн болох боломжтой бөгөөд гишүүнчлэлийн тухай мэдээллийг НҮБ-ын Нийгэмлэгийн Фейсбүүк хуудсан дээрээс харж болно.