Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрээр "Багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийхэд урьдчилсан байдлаар 724 багшид зөрчил илэрлээ. Энэ удаагийн шалгалтыг зөвхөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт хийсэн. Цаашид боловсролын яам, агентлагуудыг ч мөн шалгана.
Эмч, багш хүн мэргэжлийн алдаа гаргах ёсгүй. Эмч хүн алдаа гаргавал нэг хүний амь эрсдэнэ. Багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхдийн ирээдүй үгүй болно. Тиймээс энэ хэргүүдийг хаацайлж болохгүй.
724 зөрчлийн 500 гаруй нь цэцэрлэг, бага ангийн багш нарт илэрсэн. Бид тэдгээр зөрчлийг мэргэжил, аймаг дүүргээр нь ийнхүү олон нийтэд зарлаж байна.
Нэгэнт энэ удаагийн шалгалтаар маш их хэмжээний зөрчил илэрсэн учраас цаашид дараах арга хэмжээнүүдийг авна.
Эхний ээлжид цахим шилжилттэй холбоотой ИДС-д сурч байгаа оюутан, төгсөгчдийн дипломыг блокчейнд бүртгэж эхэлнэ. Тиймээс дипломын зөрчил дахин гарахгүй болно.
- Бусдын нэр, дипломын дугаарыг ашигласан этгээдийг илрүүлэх
- Ашиг сонирхлыг зөрчилтэй сургуулиудыг мэдээлэх
- Хуурамч дипломын сүлжээ үүсгэсэн сургууль, албан тушаалтан, ажилчдыг нэрийг зарлах
- Блокчейн технологит суурилуулан зөрчлийг арилгах
- Ажил олгогч нар тэрхүү технологийг ашиглан хүний нөөцөө бүрдүүлэх
- Зөрчилтэй багш нарыг шалгасны дараа багш хүртээмжгүй байвал туслах багшаар ажиллуулах
- Энэ талаар ЗГ-д танилцуулах
- Шалгалтад хамрагдаагүй 12000 багш бий тул тэднийг нэн даруй хамруулах
- Заасан хугацааны дагуу материалаа ирүүлээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ноогдуулах
- Энэ талаар арга хэмжээ авах тухай Засаг дарга нарт шаардлага хүргүүлэх
Энэхүү шалгалтаар гэмт хэргийн шинжтэй хэрэг бүртгэгдсэн. Тэр дундаа хамгийн их гарсан зөрчил нь дипломын дугаар давхардсан, бүртгэлгүй дугаарыг хуурамчаар үйлдсэн хоёр байлаа.
Санаатай болон санамсаргүй байдлаар сургуулийн зүгээс дипломын дугаар давхардуулсан зөрчил мөн гарсан. Гэмт хэргийн шинжтэй хэргүүдийг хуулийн байгууллагад шилжүүлээд тогтооно.
Өмнө нь энэ төрлийн шалгалтыг төрийн байгууллагуудын мэргэжлийн хяналтын газар хийж байсан. Харин салбарын хэмжээнд хийж байгаа нь боловсролын яамтай хамтран энэ удаагийн шалгалт анхных. Зөрчил гаргасан багш нарыг ажлаас чөлөөлөх нь шударга гэж бодож байна" гэлээ.