Өчигдөр БНХАУ-ын Сычуань мужид 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 45 хүн амь насаа алдсаныг дотоодын хэвлэлүүд бичиж байна. Хятадын энэ бүс нутагт ойр ойрхон газар хөдлөлтүүд болдог. Зургаадугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алдаж байжээ.
Газар хөдлөлт тус мужийн нийслэл Чэнду хотоос ойролцоогоор 200 км-ийн зайд болсон байна. Ялангуяа өндөр давхруудад газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэнийг мужийн иргэд мэдээлжээ. Тухайлбал 31 давхарт амьдардаг иргэн газар хөдлөлт дуустал ширээн дор орж нуугдсанаа Associated Press-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Түүнчлэн энэ удаагийн газар хөдлөлт зургаадугаар сарынхаас ч хүчтэй мэдрэгдсэн гэжээ. Иргэд сүүлийн хоёр сар нөхцөл байдал эвгүй байгаа талаар мөн илэрхийлсэн байна.
БНХАУ-д хамгийн аюултай газар хөдлөлт 2008 онд мөн Сычуань мужид болж байсан. Уг газар хөдлөлтөөс шалтгаалан тухайн үед 90 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоолол байдаг.
ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON POST