
ОХУ-аас Европ руу дамжсан байгалийн хийн хоолойн үйл ажиллагааг хойд хөршийн талаас тодорхойгүй хугацаанд хаасан. Улмаар тус хоолойн үйл ажиллагаагаа зогсоосон даруйд Европын орнууд томоохон сорилттой нүүр тулж байна.
Энэ үйл явдал Европт бүхэлд нь нөлөөлж буй. Тухайлбал, Их Британи хэдий “Норд Стрийм 1” хийн хоолойноос хамааралгүй ч Европын хийн дундаж үнэд мэдэгдэхүйц нөлөөлж байгааг BBC онцолжээ. Энэ даваа гарагийн байдлаар Их Британид шатахууны үнэ 35 хувь өссөн байна.
Тиймээс Европын хэд хэдэн орнууд “хүнд өвөл”-ийн эсрэг арга хэмжээгээ авч эхэлсэн байна. Тодруулбал, ХБНГУ ням гарагт 65 тэрбум еврогийн тусламжийг ард иргэд болон бизнес эрхлэгчдэд хүргэхээр болжээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр Швед, Финланд улсууд мөн эрчим хүчний компаниудаа дэмжих зорилгоор хэдэн тэрбумын багц тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна.
Ийнхүү Европын Засгийн тэргүүнүүд ОХУ-ын байгалийн хийг ашиглаж тэднийг сүрдүүлж байна хэмээн буруутгаж байгаа. Харин Оросын төрийн өмчит Газпром компани “Норд Стрийм 1” хоолойд гэмтэл гарсан гэж мэдэгдсэн. Германы талаас дээрх мэдэгдлийг “худлаа шалтгаан” гэж нэрлээд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC