Цоож тайлах үйлчилгээг хянах, зохицуулах журам байхгүйн гороор үйлчилгээ явуулж буй байгууллагын ажилчид гэмт хэргийн хобогдогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байна. Учир нь хулгай хийх зорилго бүхий хүн, “Түлхүүрээ хаячихаж, хаалга нээгээд өг” гээд утас цохиход л үйлчилгээ авах бүрэн боломжтой. Энэ үйлчилгээг эрхэлж буй дийлэнх байгууллагууд ямар нэгэн бүртгэл хийдэггүй.
Тохиолдол нэг.
Энэ явдал Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн гар утасны дэлгүүрт болжээ. “Дэлгүүрийнхээ түлхүүрийг хаячихлаа” гэсэн дуудлага нэр бүхий цоож тайлах үйлчилгээний байгууллагад өдрийн 14.00 цагт ирсэн байна. Тэр үед үйлчилгээ эрхлэгч тухайн хүнийхээ иргэний үнэмлэхийг шалгаад явсан. Нөгөөдөр нь үйлчилгээ эрхлэгчийг цагдаагийн байгууллагаас дууджээ. Тухайн гар утасны дэлгүүр дохиололтой байж таарсан учраас дохиолол дуугармагц эзэн нь гарч ирээд хаалгаа даран цагдаа дуудсан байна.
Тохиолдол хоёр
Үйлчилгээ эрхлэгч айлын цоожны гол сольж өгөөд л долоо хоногийн дараа цагдаад дуудагдсан байна. Учир нь тухайн айлын телевиз алга болжээ. Ингээд үйлчилгээ эрхлэгч залуу түлхүүрний гол сольсон гээд сэжигтнээр татагдсан. Гэвч тэр айлын хүргэн нь гэх архи уудаг залуу телевиз хулгайлсан байжээ. Үйлчилгээ эрхлэгчийн хувьд цааш ажлаа үргэлжлүүлэн хийхийн тулд, айлын хохирлыг барагдуулахын дээр хийгээгүй хэргээ хүлээж хариуцлага үүрсэн байна.
Хэрвээ энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудын бүртгэлийг албан ёсоор, цагдаагийн тавьсан шаардлагын дагуу хийдэг байсан бол энэ мэтчилэн хулгайн гэмт хэрэг гарахгүй. Мөн үйлчилгээ эрхлэгчид цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл цоож тайлах үйлчилгээнд ямар нэгэн тавьсан шаардлага, журам, хуулийн зохицуулалт байхгүйг далимдуулан орон байрны хулгай ихсэх орчин бүрдсэн байна.
Бид энэ асуудлаар нийслэлийн цагдаагийн байгууллагын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хурандаа н.Нямдаваагаас тодруулахад, Дүүргүүдийн хөдөлмөр үйлчилгээний хэлтэс дээр цоож тайлах үйлчилгээний батламжийг олгодог. Цагдаагийн байгууллагаас энэ үйлчилгээнээс улбаатай сэжигтэй тохиолдлуудад хяналт тавьж ажилладаг. Үйлчилгээг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Тодорхой журам байхгүй болохоор журмын төсөл боловсруулах ажил санаачилсан байгаа” гэв.