Энэ жил Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ мөнгийг зөв зарцуулж байгаа юу, үр дүнтэй ажил хэзээ хийх вэ гэдэг хүлээлт иргэдийн дунд байна. Нийслэлчүүд жилд 35 хоногийг түгжрэл дунд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий.
Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд Нийслэлд түр зохицуулалт хийж, автомашинуудыг дугаарын тэгш, сондгойгоор зорчуулсан. Ингэснээр уржигдрыг хүртэл ачаалал багассан ч өчигдрөө дахиад л түгжрэл “шүдний өвчин” болж эхэллээ. Иргэд ажилдаа ирж, очихдоо хамгийн багадаа 2-3 цаг зарцуулдаг тухайгаа ярьж байна. Хол гэртэй, хотын төвөөс зайдуу иргэдийн хувьд үүнээс ч олон цаг зарцуулж, ажлаасаа хоцрох, хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь цагтаа авч чадахгүй байх зэрэг олон асуудалтай тулгарч байна. Олон нийт хотын удирдлагууд өнөөдрийг хүртэл түгжрэлийн эсрэг дорвитой бодлого хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байна.
420 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН Ч…
Улаанбаатар хотын даац хэтэрч, түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан жилд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг олгосон юм. Энэ жилээс дээрх шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Хотын удирдлагуудын тайлбарласнаар энэ мөнгийг зөвхөн зам тавихад зориулахгүй. Сургууль, цэцэрлэг барих, хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх, технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх зэрэг цогц асуудалд зарцуулах юм байна.
Д.СУМЪЯАБАЗАР: ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР ЦОГЦ АЖИЛ ТӨЛӨВЛӨСӨН
Хаа байсан Хайлаастын эцэст амьдардаг иргэн хотын төвд хүүхдээ хүргэхээр машинаа асаагаад гардаг. Яг ийм эцэг, эхчүүд олон байгаа учраас түгжрэл нэмэгдэж байна гэж албаныхан дүгнэжээ. Тиймээс энэ жилээс хүүхэд өөрийн харьяа хороондоо буюу гэрийнхээ ойролцоо сургуульд явах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар “Бид 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 100 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Үр дүнд нь түгжрэл буурна гэж харж байна. Явган хүний замыг шинэчлэхээс авахуулаад энэ мэт олон ажлыг төлөвлөөд байна” гэж тайлбарлалаа.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 660 АВТОБУСЫГ ШИНЭЧИЛНЭ
Түгжрэлийн бас нэг шийдэл нь нийтийн тээврийн цогц шинэчлэлт. Нийт 660 автобусыг үе шаттайгаар шинэчлэхээр төлөвлөжээ. Үүнд 80 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Одоогоор 75 автобус Монголд орж ирж, үйлчилгээнд явж буй. Үлдсэн автобуснуудыг ирэх арваннэгдүгээр сард багтаан оруулж ирэхээр ажиллаж байна гэж Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ. Нийтийн автобусны дийлэнх нь хуучирч муудсан, ашиглалтын хугацаа нь дууссан байгаа учраас иргэд үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс нийтийн тээврээ цогцоор нь шинэчилбэл түгжрэл дагаад буурна гэж хотын удирдлагууд тооцоолжээ.
1,8 ТЭРБУМЫН ТЕНДЕР БУЮУ ТҮГЖРЭЛД ЗАРЦУУЛАХ МӨНГИЙГ ҮР ДҮНГҮЙ УРСГАЖ БАЙНА УУ
Түгжрэлийг бууруулахад төсөвлөсөн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна гэх шүүмжлэл ч цахимд орчинд өрнөж байна. Тодруулбал, Нийслэлийн замын түгжрэлийгш бууруулах ажилд зөвлөн туслах үйлчилгээ авахаар 1,8 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Эдийн засаг хүнд, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед төсвийн мөнгийг тэрбумаар нь үрэлгэн зарцуулж байна гэж шүүмжлэх хүн олон. “Шийдвэрээ цуцал" гэх асуудлыг ч олон нийт хөндөж байна. Одоогоор түгжрэлд зориулсан мөнгийг яг юунд зарцуулсан талаарх дэлгэрэнгүй тайлан гараагүй байна.
Ийнхүү түгжрэлийг бууруулахад зориулж, түүхэнд байгаагүй өндөр үнийн дүнтэй төсвийг батлаад байна. Хотын удирдлагууд түгжрэлийг яваандаа бууруулах боломжтой гэж тайлбарлаж буй. Харин нөгөө талд иргэд мөнгөө хяналттай, хэмнэлттэй зарцуулж, зөв зүйлдээ төсөвлө хэмээн шүүмжилж байна.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.