Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны энэ оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 137 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын гомдлыг хянан хэлэлцэн шийдвэрлэжээ.
“Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 137 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Угтахбаярт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг холбогдох шүүгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Гомдлыг хүлээн аван дахин хуралдсанаар шүүгч Л.Угтахбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны сахилгын шийтгэл оногдуулах магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоолд:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны сахилгын шийтгэл оногдуулах магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
Иймд шүүгч Л.Угтахбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны сахилгын шийтгэл оногдуулах магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж: Монгол улсын шүүхийн сахилгын хороо