Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Г.Сайханбаяр сайд: "Цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаатай холбоотой олон янзын мэдээллүүд явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуультай холбоотой төөрөгдүүлсэн, талцуулсан, улс төржүүлсэн мэдээллүүд явж байна. Эдгээр асуудалд албан ёсны няцаалт өгөх зорилгоор мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Батлан хамгаалах яам цэргийн дипломат харилцааныхаа шугамаар 40-өөд оронтой хамтарч ажилладаг. БХЯ цэргийн хамтын ажиллагааны асуудалд нэгдсэн бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн төлөвлөөгөөртэйгөөр ажилладаг. Цэргийн сургуультай холбоотой тэр болгон дэлхий нийтэд болон улс орнуудын хэмжээнд нээлттэй зарлаад байдаггүй. Тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой. Монгол Улс дипломат харилцаатай 10-аад оронтой цэргийн хамтарсан сургуулилалт зохион байгуулдаг.
Энэ онд АНУ-тай хамтраад хоёр талын хамтарсан 7 удаагийн сургуулилалт, ОХУ-тай хоёр удаа, Герман, Катар, Япон, Турк улсуудтай хоёр талын сургуулиуд зохион байгуулсан. Мөн Индонез гэх зэрэг гадаадад зохион байгуулж буй энхийг сахиулах чиглэлийн сургуулиудад оролцдог. Эдгээр сургуулиудад оролцсоноор батлан хамгаалах, гадаад харилцааг бэхжүүлэх зорилготой, нөгөө талаасаа улс төр, дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах хуультай.
Монгол Улс тэнгисийн цэргийн хүчингүй. Курилын арал болон маргаантай арлуудад манай цэргүүд сургуулилтад оролцож байгаа мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл явж байна. Ийм юм байхгүй. Бид цэргийн алба хаагчдынхаа чадавхийг нэмэгдүүлэх, хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан бие биеэсээ суралцах, бусад орнуудтай хамтарсан сургуулилалт хийж, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан сургуулилалт хийж байна.
Мөн наймдугаар сарын 7-9-ний хооронд явагдсан Сэлэнгэ сургуулилалттай холбоотой асуудлыг өнөөдрийг хүртэл ярьж байна. Наймдугаар сарын 12-ны өдөр Оросын цэргийн алба хаагчид бүх техник хэрэгслээ Монголын нутаг дэвсгэрээс аваад буцсан. Энэ сургууль төлөвлөгөөний дагуу явагдаж дууссан. Иймэрхүү цэргийн хамтын ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт хийх, болчимгүй үг яриа гаргах, түүнийгээ цацах зэрэг асуудалд болгоомжтой хандахыг хүсье" гэлээ.