ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав:
Бид өнөөдөр нийт 14 асуудал хэлэлцэв. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах шинэ хороодыг эмхлэн байгуулах үүргийг ЗГХЭГ-т өглөө. Нийслэлийн түгжрэлийн асуудлыг эрхэлсэн сайд томилогдсон тул Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, спортыг дэмжих зэрэг 20 орчим үндэсний хороо байгуулна.
“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Баялгийн сан болгох ажлыг сүүлийн нэг жилийн турш хийсээр байна. Энэ компанийг удирдах гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй зарлах үүргийг Ерөнхий сайд өглөө. Сингапур, Норвегийн баялгийн санд ажилласан туршлагатай, гадаад болон дотоодын иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлана.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн тооллогыг таван жилд нэг удаа хийдэг. Энэ удаагийн тооллогоор 180 мянган ААН тоолжээ. 53 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
2016-2021 оны хооронд нийтдээ 61 мянган ААН шинээр бүртгүүлжээ. Бизнесийн үйл ажиллагаа нь татан буугдсан 14 100 ААН байна. Татан буулгахад олон шат дамжлага шаардлагатай байдаг тул ихээхэн сунжирдаг юм байна. Эдгээрийг бууруулах, ААН-ийн дарамтыг бууруулах, хүнд суртлыг арилгах шийдвэр гарлаа.
Олон давхардсан төрийн бүтцийг хялбаршуулна. Ерөнхий сайд ирэх оны нэгдүгээр сараас мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчилнө. Яамд руу зарим хяналт шалгалтыг шилжүүлнэ. Жишээ нь эрүүл мэндийн хяналт шалгалтыг цаашид Эрүүл мэндийн яам хариуцна. Харин МХЕГ төрийн байгууллагуудад хяналтаа үргэлжлүүлнэ.
Дугаарын тэгш, сондгой дээр хотын даргаас эсрэг байр суурьтай байна. Дутуу дулимаг мэдээлэл гаргамааргүй байна. Сэтгэлийн хөөрлөөр бус тооцоо судалгаатай хандмаар байна.
Нийслэлийн түгжрэлийг зөвхөн машинтай холбон ойлгож болохгүй. Дугаарын хязгаарлалт эхлүүлснээр нийслэлийн машины тоо 30 хувиар өссөн. Дутуу шийдвэрийг олон нийтэд танилцуулж болохгүй. Тооцоо судалгаатай, эрдэмтдийн саналд үндэслэн шийдвэр гаргана гэв.