Борис Жонсоны дуулианаас болж Их Британи “ид” хямралтай, хүнд хэцүү цаг үедээ төрийн жолоо атгах хүнгүй явж ирсэн. Иймээс ч ард иргэд нь ирэх өвлийг хэрхэн давах вэ гэдэгт “толгойгоо гашилгаж “байна хэмээн CNN тэргүүтэй томоохон хэвлэлүүд онцлон бичиж байна. Тэгвэл өнөөдөр тус улс дараагийн Ерөнхий сайдаа сонгох гэж байна. Энэ сонгуульд Их британийн Сангийн сайд асан Риши Сунак, Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар нэр дэвшээд байна.
Хэрвээ Дараагийн Маргарет Тэтчер гэж нэрлэгдээд байгаа Лиз Трасс төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд эрчим хүчний үнийг тогтворжуулах чиглэлд хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна. Түүний хувьд хэдийгээр ажилдаа шууд орно гэдгээ илэрхийлсэн ч нарийн төлөвлөгөөгөө танилцуулаагүй байна.
Харин түүний өрсөлдөгч Риши Сунак мөрийн хөтөлбөрөө ядуурлын эсрэг тэмцэнэ хэмээн тодорхойлсон байна. Тодруулбал, бага орлоготой иргэдийн цалин хөлсийг өсгөхөд бодлогоо чиглүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
Судлаачид эн тэнцүү өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчийг өөрсдийн ажлын онцлогийн дагуу мөрийн хөтөлбөрөө гаргасныг онцолж байна. Тэдний хэн нь сонгогдсон ч хүндхэн сорилттой тулгарна гэдгийг шинжээчид анхааруулж байна. Учир нь, Их Британийн инфляцийн түвшин 2023 оны эхээр 18%-д хүрэх тооцоолол бий. Хэрвээ байгалийн хийн үнэ одоогийнх шиг хэвээр байвал 22%-д ч хүрч болзошгүйг “Голдман Сакс”-аас сэрэмжлүүлж байгаа юм.
Эх сурвалж: CNN, BBC