БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран "Солонгосын соёлын өдрүүд-2022” арга хэмжээ есдүгээр сарын 2-4-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээ Монголд болдог БНСУын соёлын арга хэмжээнүүдээс хамгийн томд тооцогддог. Соёлын өдрүүдэд Open mic, OX асуулт хариултын тэмцээн, K-Food арга хэмжээ, K-beauty make-up шоу, таеквондогийн үзүүлбэр, Солонгос үндэсний хөгжмийн хамтлаг, дуучдын үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ боллоо.
Солонгосын соёлын өдрүүдийн зорилго, ач холбогдлын тухай БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Жон Пил Хёноос тодрууллаа.
Тэрбээр "Нийслэлийн аялал жуулчлалын газар болон элчин сайдын яам хамтран энэ жил Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрийг зохион байгууллаа. Энэ өдрүүдэд соёлын арга хэмжээнээс гадна 16 асарт Солонгосын аялал жуулчлалын байгууллагууд болон хоол, соёл, нүүр будалт мөн Солонгосын төрийн өмчит байгууллагуудыг танилцуулах зорилготой үйл ажиллагаа явууллаа.
Манай элчин сайдын яамнаас соёлын өдрүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалан цахимаар зохион байгуулсан. Энэ удаад бид намрыг угтан, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Сүхбаатарын талбайд маш өргөн хүрээнд хийлээ.
Бид Солонгосоос олон хамтлаг урьсан. Жишээлбэл, Солонгосын үндэсний хөгжмийн Nanta, таеквондогийн үзүүлбэр үзүүлдэг маш алдартай Kukkiwon хамтлаг ирсэн.
Монгол хүмүүс K-pop, Drama, солонгос хоолонд их дуртай. Түүнээс гадна таеквондогийн бие хамгаалах урлагт их анхаарал хандуулдаг. Арга хэмжээнд маш их хүн ирсэн. Бүгдэнд нь маш их баярлалаа. Жил бүр элчин сайдын яамнаас зохион байгуулдаг үйл ажиллагааг дэмжин, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна” гэлээ.
Солонгосын соёлын өдрүүдэд БНСУ-ын соёлыг сонирхдог, K-pop хөгжим сонсдог хүүхэд залуус цугласан байлаа. Тэдний сэтгэгдлийг хүргэе.
- Гоё юм байна. Солонгосчууд бидэнд соёлоо хуваалцаж байгаа нь их гоё санагдаж байна. Солонгосын хүндэтгэх соёл нь надад таалагддаг. Үнэхээр гоё байдаг.
- Өөрсдөө таеквондогоор хичээллэдэг болохоор таеквондогийн үзүүлбэрийг үзэж, юм мэдэж, сурах зорилготой ирсэн.
- Солонгост очвол BTS-ийн тоглолт үзнэ.
- Сайхан байна. Солонгос үндэсний хувцас өмсөж үзлээ. Маш их таалагдлаа.
-Яагаад Солонгос бүжиг сонирхож эхэлсэн бэ?
-Солонгос бүжгийн илэрхийлэмж нь маш гүн утгатай. Ямар нэгэн хүчирхийлэл байдаггүй. Бүжиг нь тухайн үгээ бүрэн илэрхийлдэг учраас сонирхож эхэлсэн.
Жаахан байхаасаа K-pop сонсдог байсан. Манай гэрт CD –үүд аваад тавьчихдаг байсан. Twenty one, T-ara зэрэг. K-pop дэлхийн хэмжээний урлаг болж хөгжсөн байна. Дэлхийн хэмжээний урлаг болоод, хөгжсөн байхад зөвхөн охид бүжиглэх ёстой юм уу. Адилхан л хүмүүс. Бүгд л бүжиглэх эрхтэй. K-Pop бүжиглэдэг залуусыг эмэгтэйлэг, нүүрээ буддаг, сонин хувцасладаг, онцгүй гэдэг яриа одоо үед хоцрогдсон. Энэ нь тухайн төрлийн ялгарах онцлог юм.
–Солонгосын соёлуудаас хамгийн их таалагддаг соёл нь юу вэ?
-Хамгийн их таалагддаг нь хоолны соёл.