Монгол Улсын эдийн засгийг “нуруундаа үүрдэг” уул уурхайн салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр тэд 14 хоног ажиллаад, 14 хоног амрах боломж нээгдсэн ч үүнийг дагаад цалин нь 30 орчим хувиар буурчээ. Хэрвээ зохих журмын дагуу цалин хөлсийг нь нэмэхгүй бол ажил хаяхад бэлэн гэдгээ уурхайчдын төлөөлөл хэлж байна. Бид энэ асуудлаар уурхайчин Б.Ононхангайтай ярилцлаа.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИА ЗӨРЧИЖ БАЙНА
– Энэ оноос Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж, уурхайчдад шинэ боломж бий болсон. Гэтэл уурхайчид улам л давраад эхэллээ гэж ярих нэг хэсэг байна. Та бүхэн яг яаж хохирчхоод байна вэ?
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд найман сар болж байна. Үүнд хэд, хэдэн онцлог зохицуулалт бий. Тухайлбал, уул уурхайн салбарынхан 14 хоног ажиллаад, 14 хоног амарна гэдгийг хатуу тусгаж өгсөн. Хууль хэрэгжээд эхэлсэн л бол жигд дагаж мөрдөх ёстой. Гэвч ростероо дагаж мөрддөггүй уурхайнууд олон байна. Хуулийг уландаа гишгэж байна. 20 хоног ажиллаад, 10 хоног амарч байгаа уурхайнууд ч бий. 28, 14-өөр ажилладаг газрууд ч гараад ирлээ. Ростергүй ажилладаг уурхайнууд ч байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Хамгийн гол нь, цалин хөлсний асуудал буруугаар эргэчихээд байна л даа. Илүү цагийн цалин гэж алга. Баяраар ажилласан тохиолдолд цалинг хоёр дахин үржүүлж бодно гэх заалт туссан шүү дээ. Гэвч тэр нь бидэнд үйлчлэхгүй байна.
-Яагаад?
-Мэдээж бидний амрах хугацаа уртасч байгаа болохоор цалин тодорхой хэмжээнд буурах нь ойлгомжтой байсан. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр Үндсэн цалингаас л хасаж тооцох нь гэж бүгдээрээ ойлгосон. Гэтэл бидний нэмэгдлийг хуу хамж, хасаж хаяж байна. Ингэхээр цалин 30 гаруй хувиар буурчхаж байгаа юм. Уурхайнууд шөнийн нэмэгдлээ зогсоож байна. Баяраар ажиллах үед цалин хоёр дахин өсгөж өгөх ёстой ч үүнийгээ мөрдөхгүй байна. Уг нь, хуульдаа найман цаг ажиллана. Үүнээс илүү хугацаатай ажиллавал илүү цаг гэж тооцно гэж заасан байгаа шүү дээ. Гэтэл 12,13 цаг ажилласан ч илүү цагаа бодуулж авч чадахгүй байна.
-Хуулиас давж, компани цалингаа бууруулж болохгүй шүү дээ. Энд эсвэл хуулийн хийдэл үүсээд байна уу?
-Яг тийм. Хөдөлмөрийн тухай хуульд “Хөдөлмөрийн гурван талт үндэсний хороогоор цалин нэмэгдүүлэх аргачлалыг тогтооно” гэж заасан. Гэтэл тэр хороо өнөөдрийг хүртэл хуралдаж, аргачлалаа баталж өгөөгүй. Энэ бүрэлдэхүүнд УУХҮЯ, Ажил олгогч эздийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбоо хамтарч оролцдог. Харин Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд нь даргалаад явдаг. Цалин бодох аргачлал буруу байна гэдгээ бид хэлж, Үндэсний хороогоо хуралдуулахыг шаардаж ирсэн. Гэтэл асуудал шийдэгдээгүй байхад сайд нь солигдчихлоо. Асуудал бас л сунжрах нь тодорхой болчихлоо.
Өөр бас нэг асуудал бий. Хөдөлмөрийн хуульд заасан хамтын гэрээ зөвхөн ҮЭ-тэй байгууллагад л үйлчилдэг. Гэтэл уул уурхайн салбарт үйлчдвэрчний эвлэлтэй компани 100-ны 10 хувийг л эзэлж байна. Цаад 90 хувь нь үйлдвэрчний эвлэл гэж мэдэх ч үгүй. Ингэхээр салбарынхан бараг тэр чигтээ хөдөлмөрийн хуулийн үйлчлэлд багтахааргүй, сул иргэд болоод хувирчихаж байгаа юм. Яг энэ байдлыг ашиглаад, дур дураараа, цалингуудыг нь хасаад орхиж байна.
НЭМЭГДЛИЙГ МИНЬ БУЛААЖ, ЦАЛИН 30 ХУВИАР БУУРЧИХЛАА
-Ажилчдын цалин яг яаж буураад байна вэ? Жишээгээр тайлбарлахгүй юу?
-Өмнө нь уурхайчид өдрийн найман цаг ажиллаад, үүнээс цааш илүү цагийн мөнгөө аваад явж чаддаг байсан. Жишээлбэл, 5 сая төгрөгийг 14 хоногтоо бодуулаад авчихдаг байсан бол одоо илүү цаг нь байхгүй учраас маш их хасагдаж байна. 5 саяыг авдаг байсан ажилтан одоо дөнгөж гурван сая гаруй л цалин авч байна. Ингээд ирэхээр цалингийн зөрүү 30 хувиас давна. Үнэ өссөн нь ч маш хүнд дарамт болж байна.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ, ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ Ж.ГАНБААТАРТ ИТГЭХГҮЙ
– Хуулиа дагаж, цалингаа нэмэгдүүлэх асуудлыг салбарын яамандаа тавьсан уу. Ямар хариу авсан бэ?
-Бид энэ асуудлаа шийдүүлэхээр олон газарт хандсан. Салбарын сайддаа ч уламжилсан. Ямар ч шийдэл алга. Шинэ сайдад ч итгэхгүй байна. Яагаад гэвэл, Ж.Ганбаатар гэдэг хүн хүний эрхийн мэдрэмжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэжлийн бус. Уурхайчдын олонх нь энэ хүнд итгэл үзүүлэхгүй гэж ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулиа батлуулах гээд явж байхад эсэргүүцэж “Ажилтны эрх” гэж юу байдаг юм бэ” гэж л байсан. Ийм хүнд биднийг хамгаална гэдэгт яаж итгэх юм бэ.
Нөгөө талаас нь харахад, Ж.Ганбаатар хувийн бизнестэй хүн. Ер нь, уул уурхайн салбарт улстөрчид шахаа хийдэг, өөрийн компаниа туслан гүйцэтгэгчээр оруулж ирдэг асуудал нийтлэг. Энэ байдал давтагдахыг ч үгүйсгэхгүй байна. Ашиг сонирхлоос болж, уул уурхайн салбарын орлого замхарч байгааг ч бид ярих ёстой. Ажилтандаа маш бага цалин өгдөг гэрээт компаниудаас санхүүгийн задаргаа нэхэх ёстой.
600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД ОЛОН БАЙДГИЙГ ХҮМҮҮС АНЗААРДАГГҮЙ
-Уул уурхайн салбарынхан цалин сайтай гэх нийтлэг ойлголт бий. Үүнээс болоод та бүхний “цалин нэм” гэх шаардлага олон нийтийн анхааралд өртөж, дэмжлэг авч чаддаггүй юм шиг санагддаг. Танай салбарт цалингийн шатлал, зөрүү яг ямар байна вэ?
-Уул уурхайн салбарынхан өндөр цалинтай гэж ойлгодог. Тийм цалин авдаг цөөн тооны хүн л бий. Уурхайд хүн бүр өндөр цалинтай биш байдаг. Үйлчилгээнийхэн, харуул хамгаалалынхан, барилга угсралтынхан, зам тээврийнхэн гээд бий. Тэр хүмүүс өндөр цалин авдаггүй.
Оюутолгой төсөл Монголыг тэжээгээд байна гээд л ярьдаг. Гэтэл тэнд гар дээрээ 600 мянган төгрөг авдаг үйлчилгээний ажилтнууд хэдэн мянгаараа байгаа шүү дээ. Түүнийг нийгэм мэддэггүй. Оюутолгойнхон 14 мянган Монгол хүнд өндөр цалин өгөөд байна гэж сурталчилдаг. Гэтэл яг үнэндээ өндөр авч байгаа, гэрээ байгуулсан нь хоёр мянга орчим л хүн байна. Ихэнх нь гэрээт ажилтан.
УУРХАЙЧИД ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААРАА ДЭНЧИН ТАВЬЖ АЖИЛЛАДАГ
Өндөр цалинтай хүмүүс нь юу хийдэг вэ гэдгийг хөндъе. Тэнд хүмүүс эрүүл мэндээ алдаж байна. Хэвийн бус нөхцөлд 12 цаг ажиллаж байна. Шөнийн ээлжинд ажиллаж байна. Тоос дуутай халуун орчинд, газрын гүнд ядарч байна. Харамсалтай нь энэ нь богино хугацааны л хөдөлмөр эрхлэлт болоод явчихдаг. Уурхайчид мэргэжлээс шалтгаалсан өвчинд их өртдөг. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Оюутолгойн гүний уурхайд ажиллаж байсан хүний зүрх нь эвгүйтлээ. Цус харвалаа. Ийм асуудал нийтлэг бий. Амь насаараа дэнчин тавьж байна шүү дээ. Өндөр цалин авдаг хэсэг нь нийт уурхайчдын 20 хувь. Цаана нь үлдэх 80 хувь нь өрнөөс өөр, зээлээс зээлийн хооронд л байна. Сая хүрэхгүй цалинтай уурхайчид 50 хувийг нь эзэднэ. Би өөрөө ч Оюутолгойд ажилладаг байхдаа 600 мянган төгрөг л авдаг байсан.
ОЮУТОЛГОЙ КОМПАНИ ЦАЛИНГАА 30 БИШ, ГУРВАН ХУВИАР Л НЭМНЭ ГЭСЭН
-Оюутолгой компанийн ажилчид гурван сар орчмын өмнө цалингаа 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байсан. Хариу өгсөн болов уу? Үр дүн гарсан уу?
Гараагүй. 30 хувиар нэм гэж шаардахад нь гурван хувиар л цалин чинь нэмье гэдэг хариу өгсөн байгаа юм. Инфляци нэмэгдээд байна. Гэхдээ нөгөө талд алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд үнэд орж байна шүү дээ. Оюутолгой төсөл ашигтай ажиллаад байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь 16 хувиар өсчихлөө. Гэтэл тэд ашгаа цалин хэлбэрээр ажилчдадаа өгөхийг хүсэхгүй байна.
Уул уурхайн салбарынхан яагаад бусад салбараас илүү цалин авах ёстой вэ? Хөдөлмөрөө сайн үнэлүүлэхийн тулд тэр хүмүүс юу даван туулж байна вэ?
Мэдээж, эрүүл мэнд, амь насаа золиосолж ажиллаж байна. Нөгөө талд, сонгууль ч өгч чадахгүй, ах дүүстэйгээ ч уулзахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдаж байна. Гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа, хүчирхийлэл зэрэг элдэв янзын асуудал гарч байна. Өрх толгойлсон хүүхдүүд хүртэл бий болж байна шүү дээ. Энэ тухай судалгааг Өмнөговь аймгийн ИТХ-аас гаргасан байдаг.
УУРХАЙЧИД ЭХНЭЭСЭЭ АЖИЛ ХАЯЖ ЭХЭЛЛЭЭ
-Уурхайчид ажил хаяж ч магадгүй гэж та түрүүн хэлсэн. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүнд хортой нөхцөлд ажилладаг ажилчдыг хуульдаа илүү цагаар ажиллуулахыг хориглодог. Гэтэл хуулиа зөрчөөд, ажиллуулаад, илүү цагийг нь хасаад байна. Үүнээс шалтгаалж, зарим газрууд ажилт хаялт зарлаж эхэлж байна. Сүхбаатар аймагт ажилладаг “Цайрт минерал” компанийн туслан гүйцэтгэгч компанийн маш олон ажилтан ажил хаяад хоёр хонож байна.
Төр засаг биднийг олон сар, жилээр хохироож байна. Эдийн засгийн гол салбар нь уул уурхай гээд л ярьдаг. Гэтэл энэ салбар дээр байгаа уурхайчныг огт ярихгүй байна. Амь насны баталгаа, цалин хөлсийг нь орхигдуулж байна. Хууль гаргаад ирэхээрээ хамтын гэрээгээр шийднэ гээд гүрийчихдэг. Дандаа ийм байдал руу түлхдэг. Манай салбарын мөнгө бохир гараар орж, оффшор бүс рүү яваад байна уу гэх хардлага ч бий. Зүгээр л нэг улстөрчийн уул уурхайн компанийн мэдээллийг хайгаад үзэхээр явсаар байж, Сингапурт очоод сураг тасарч байна. Ийм шударга бус зүйлийн эсрэг бид тууштай тэмцэнэ.