“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулсан шилдэг бүтээлийн уралдаанд манай сэтгүүлч О.Пагма дэд байр эзэллээ. Тэрбээр “Цэнхэр тэнгэрийн цаана 2022” богино хэмжээний уралдаанд өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан “Мөчлөг” киногоо "сойж", багаараа хоёрдугаар байрт шалгарчээ.
О.ПАГМА: УРЛАГААР ДАМЖУУЛЖ, ЛГТБ ХҮМҮҮСИЙГ НИЙГЭМД ЭЕРЭГЭЭР ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
Энэ уралдаан нь кино урлагаар дамжуулан нийгэмд хүний эрх, тэр дундаа ЛГБТИК + олон нийтийг ойлгох, тэдний тухай зөв мэдлэгийг түгээхэд оршдог. Миний хувьд энэ удаа "Мөчлөг" богино хэмжээний киногоороо оролцлоо. Сарын тэмдгийн мөчлөгийн үеүд эмэгтэй хүнд асар хүнд сэтгэлийн дарамт, стресс болдог. Сэтгэлзүй ч тогтворгүй болж өөрчлөгддөг. Энэ бэрхшээл трансжендер эрэгтэйд тохиолдвол яах вэ хэмээн бодож, кино зохиолоо бичсэн. Зохиолоо О.Цотан нэрээр бичсэн бол найруулгаа О.Пагма гэсэн нэрээрээ өгсөн. Манай кино 12 минут үргэлжилнэ. Транс эрэгтэйн сарын тэмдгийн мөчлөг үеүдийн тухай өгүүлдэг. Хэдийгээр гол дүрийн залуугийн сарын тэмдгийн мөчлөгийн давтамж түүнийг зовоодог ч оюун санаандаа тэрээр үргэлж эр хүн байдаг. Өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлаж байгаа нэгэн залуугийн түүхийг энгийнээр харуулахыг зорьсон. Би сэтгүүлч, уран бүтээлч хүний хувьд ЛГБТ буюу бэлгийн цөөнх иргэдийг нийгэмд эергээр ойлгуулах, ялангуяа урлагаар дамжуулах ажилд гар бие оролцсоор байх болно. Энэ бол ардчиллыг бэхжүүлэхэд оруулж байгаа миний хувь нэмэр гэж харж байна”.