“Хиннамнор” хар салхи Японы өмнөд хэсэгт, Окинава арал руу чиглэж байна. Тиймээс орон нутгийн эрх баригчид иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж, агаарын тээврийн компаниудад нислэгүүдээ цуцлахыг шаарджээ.
Тухайлбал зарим хотын иргэдийг байшин барилгынхаа бат бэх байдалд эргэлзэж байвал эртхэн хоргодох байр луу нүүлгэн шилжүүлэхийг даалгасан байна. Одоогоор Japan Airlines 56 нислэгээ цуцлаад байна.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр Хиннамнор хар салхи 148 км/цагийн хурдтай юм байна. Цаашлаад ирэх долоо хоногийн эхээр БНСУ-ын Чежү арал орчмыг дайрч болзошгүй байгаа талаар цаг уур шинжээчид анхааруулжээ. Хэрвээ нөхцөл байдал ингэж хүндэрвэл БНСУ-ын түүхэнд байгаагүй том хар салхины шуурга болох аюултай талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж : THE STRAITS TIMES