Долдугаар сард Шри Ланка улсад ард иргэдийг хамарсан тэмцэл өрнөж, улмаар тухайн үед Шри Ланкийн Ерөнхийлөгчлийн албыг хашиж байсан Готабая Ражапакса Сингапур луу зугтан, огцрох хүсэлтээ и-мэйлээр илгээж байсан.
Визнийх нь хугацаа дуусч, Сингапураар Тайландад очоод байсан тэрээр өчигдөр эх орондоо эргэн очжээ. Нисэх буудал дээр Шри Ланкийн зарим сайд түүнийг тоссон талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна.
Гадаад валют хомсдож, улмаар хүнс, шатахууны үнэ “тэнгэрт хадсан”-аар Шри Ланк улсад түүхэнд байгаагүй эдийн засгийн хямрал болсон. Тус улсын ард иргэд дөрөвдүгээр сараас Засгийн газрынхаа эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж эхэлсэн юм.
Түүнийг эх орноосоо зугтсаны дараа Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ранил Викремесингхэ Ерөнхийлөгч болоод удаагүй байгаа. Харин экс ерөнхийлөгч эргэн ирснээр шинэ засгийн газарт хүндрэл учруулж болзошгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Учир нь өмнөх тэмцлийн гал дөнгөж унтрах гэж байхад Г.Ражапакса дахин ард иргэдийн эгдүүцлийг төрүүлэх вий гэхээс болгоомжилж байгаа аж.
Засгийн газраас нь түүнийг Ерөнхийлөгч асны хувьд аюулгүй байдлыг нь хангаж, орон гэрээр хангахаар болсон талаар Шри Ланкийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин ард иргэдийн хувьд Г.Ражапакса-г дахин улс төрд орох гэж оролдвол эсэргүүцэхэд хэзээд бэлэн байгаагаа илэрхийлсээр байна.
Эх сурвалж: BBC