Энэ оны хоёрдугаар сараас хойш ОХУ-ын нэр нөлөө бүхий найман иргэн амиа алджээ. Тэдний зарим нь амиа хорлосон бол заримынх нь үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Дээрх хүмүүсийн зургаа нь ОХУ-ын томоохон эрчим хүчний компанитай холбоотой байжээ. Тодруулбал, дөрөв нь Оросын төрийн өмчит Газпром компанитай хамааралтай бол үлдсэн хоёр нь Оросын газрын тосны магнат Лукойлын хүмүүс байжээ.
Энэ оны эхээр Лукойл компани Украины дайны эсрэг байр сууриа илэрхийлж, хохирогчдод эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөнийг зогсоохыг уриалж байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт тус компанийн захирал Равил Маганов эмнэлгийн цонхоор унаж нас барсныг Тасс агентлаг мэдээллээ. Энэ тухай өнгөрсөн Пүрэв гарагт Лукойл компани албан ёсны вэб сайтаараа мэдэгдэж, баталсан юм. Гэхдээ түүнийг хүнд өвчний улмаас нас барсан хэмээн мэдэгдэж, цонхоор унасан талаар юу ч дурьдаагүй байна.
Үүнээс гадна, он гарснаас хойш Газпромын томоохон албан тушаалтнууд болох Александр Тюлако, Леонид Шулман зэрэг хэд хэдэн хүмүүс учир битүүлгээр нас барсан. Үүнд гэр бүлийнхнийхээ хамт амь үрэгдсэн Газпром банкны дэд Ерөнхийлөгч асан Владислав Аваев мөн багтаж байна. Мөрдөн шалгах албанаас ихэнх хэргийг амиа хорлолт гэж үзсэн нь ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Эх сурвалж: CNN