Бид нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт бодибилдинг фитнесийн мэргэжлийн тамирчин, дэлхийн аваргын хошой алтан медальт Н.Анужин буюу бидний мэдэх Анухайг онцлон ярилцлаа. “Би ганц бие ээжүүдийн төлөөлөл” гэж итгэлтэй ярих энэ бүсгүй, ганц бие ээж болохдоо огт эмзэглээгүй. Харин ч сэтгэл зүй, нийгмийн хариуцлагын хувьд улам хүчирхэг болжээ. Түүний хувьд гэр бүл сонголт дээрээ сэтгэлийн хөдлөлөөр хандаж, бэлэн биш үедээ сонголт хийсэн нь алдаа байсан гэж онцлон хэлсэн юм.
-Ганц бие ээж олон болсон байна шүү дээ. Яагаад нийгмийн асуудал болтлоо ихсээд байна гэж таны хувьд бодож байна вэ?
-Би ганц бие ээж байгаадаа маш сэтгэл хангалуун байгаа. Залуу эмэгтэйчүүд хайран залуу насаа хардуулж, хамаг хүсэл мөрөөдлөө хаячхаад хэн нэг эрэгтэйн хүүхэлдэй болох нь амьдрал биш. Гэсэн ч манай хүүгийн аав бид хоёр одоо маш сайн найзууд. Саллаа гээд хүндэтгэлгүй харьцаж, хүүхэдтэй нь уулзуулахгүй гэдэг зүйл бол хоцрогдсон асуудал юм. Нэгэн цагт бие биеэ хайрлаж л явсан юм чинь гараад ирсэн хүүхдийнхээ төлөө хоёр талаас нь үнэхээр сайн хайрлаж өсгөх хэрэгтэй гэж боддог.
МУУ ХАНЬ ХҮНИЙГ ДОТРООС НЬ "ИДДЭГ"
-Эмэгтэй хүнийг юу итгэлгүй, сул дорой болгодог гэж боддог вэ?
-Эмэгтэй хүн эхэлтлээ их уддаг. Нэг зориг шулуудвал ухардаггүй. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй муу хань ижилтэй л байвал хүнийг дотроос нь “иддэг”. Үнэхээр тэр хүн таныг ойлгохгүй бол ганцаараа явсан нь дээр.
-Таны экс нөхөр таныг харддаг, ойлгодоггүй байсан хэрэг үү?
-Би гэр бүлийн амьдралд бэлэн байгаагүй байсан юм билээ. Өөрийгөө ч олоогүй, таниагүй байхдаа хүнтэй суучихсан хэрэг. Гэрлэлт гэдэг зүйлд бэлэн биш, сэтгэлийн хөдлөлөөр хандсан гэхэд болно. Залуу байгаа дээрээ хийх дуртай зүйлээ хийж, зорьсон зорилгодоо хүрээд явах маань дээр санагдсан. Буруу хугацаандаа хүнтэй суусан нь алдаа болохоос биш хүн нь алдаа байгаагүй ээ.
-Ингэхэд та хэзээнээс спортоор хичээллэх болов? Өнөөдрийн зэрэгт хүрэх гэж амархан байгаагүй нь тодорхой байх. Тийм үү?
-Фитнесийн спортоор 18 настайгаасаа хичээллэж эхэлсэн л дээ. Маш залуугаасаа эхэлсэн учраас хүмүүс намайг одоо хөгшин гэж боддог юм шиг байгаа юм. Аливаа амжилтад хүрэхэд мэдээж бэрхшээл байна. Бэрхшээлгүйгээр хэзээ ч амжилт ирэхгүй. Тэгэхээр бэрхшээл бүр надад жаргалтай байсан гэх юм уу. Бэрхшээл байна. Түүнийг давна. Гаргасан амжилт маань хэдэн зуу дахин бал бурам шиг аз жаргалын амтыг мэдрүүлдэг.
Фитнесээр хичээллээд удаагүй байхдаа дасгалжуулагчаар ажиллалаа. Одоо бол хүмүүст дасгал заахаас илүү өөрийгөө олох тухай заахыг хүсдэг. Муухай эмэгтэй гэж байхгүй шүү дээ. Хэсэг өөрийгөө хаясан бол тэр эмэгтэйг засаж, өнгөлөөд өмнөхөөсөө илүү аз жаргалтай, гэрэлтэй байлгахад тусалдаг ажил гэж боддог юм. Эмэгтэй хүн нэг залууд гоё харагдах гэж хичээдэггүй. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх гэж гоо сайхандаа анхаардаг.
ХИЙЕ ГЭВЭЛ АРГА НЬ ОЛДДОГ
-Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн танд спортоор хичээллэж чадаагүй жил хагасын хугацаа бий шүү дээ. Энэ хугацаанд юу бодож, амьдралыг харах өнцөг тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Спортоо хийж чадахгүй тэр хугацаа их хэцүү байсан. Спортгүйгээр би амьдарч чадахгүй юм билээ. Хийж чадахгүй үе ирэхэд би үнэхээр галзуурмаар санагдаж байсан. “Ковид”-ын үед нүдний асуудал тулгарсан юм. Би их хараа муутай. -10, -11 гэж явдаг. Түүнээс болоод нүд маань цус харваж байсан. Нүд юм харахгүй байна гэдэг хэцүү шүү дээ. Дуртай болохоор аргыг нь олоод л хийж байгаа. Эмч одоо ч битгий хий гэдэг юм.
Би урд нь амжилттай явна, дэлхийн олон удаагийн аварга болно, мундаг тамирчин байна гэж боддог байсан юм. Амьдрал дээр ч гэсэн муугаа харуулахгүй. Дандаа мундаг, хөөрхөн байх ёстой гээд л. Өөрийгөө хэт их хүчилж шахах дэмий юм билээ. Юуны тулд амьдарч байгаагаа ойлгохгүй байсан гэж бодсон. Том асуудал болсны дараа хүний оюун бодол, сэтгэхүй, амьдралыг харах өнцөг өөрчлөгддөг.
Одоо би яг л өнөөдрөөрөө амьдарна. Маргааш, нөгөөдөр яах вэ гэж санаа зовохгүйгээр. Өөртөө дарамт өгөхөө больчихсон гэсэн үг.
ЗАЛУУС АЖЛЫН БООЛ БОЛОХ ХЭРЭГГҮЙ. ЗҮГЭЭР Л АМЬДАР
-Эрүүл мэндээ золиосолж, ажиллаж амьдардаг хүмүүст та юу хэлэх вэ?
-Маш сайн амар. Битгий ажлын боол бол. Амьдрах гэж төрсөн шүү дээ. Амьд байгаа юм шиг амьдрах нь чухал. Юуны төлөө бид нар чичрээд гүйгээд байгаа юм бэ? Нэг л өдөр над шиг эрүүл мэндийн том асуудалтай болчих юм бол маш хэцүү. Манай Монголд залуусыг хэт их шахаж байна. Залуус ч гэсэн тэр их шуурганд орчхоод байгаа. Тиймээс сайн амарч байгаарай. Чи заавал мундаг байх албагүй. Заавал гоё сайхан, хөөрхөн байх албагүй. Заавал туранхай, фит биетэй болох шаардлагагүй. Өөртөө таалагдаж утга учир, үнэ цэнээ мэдэрч түүнийхээ төлөө яваарай.
-Таны ойрын зорилго юу байна. Цаашдаа юу хийх вэ?
-Мэдээж шоугаа эхлүүлсэн болохоор үргэлжлүүлээд хэдэн цуврал хийе гэж бодож байна. Харагддаг шигээ амархан ажил биш. Маш хэцүү, маш том ажлын ард гарсан. Манай хамт олон үзэгчдийн нүд сэтгэлийг баясгаж маш сайн ажиллана гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа.