Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Замын гүйцэтгэгч нар, хяналт тавьж буй зөвлөх компанийнхан гээд ажил хариуцсан бүх хүнтэй уулзаж тулгамдсан асуудал юу байгааг газар дээр нь сонслоо. Өнөөдрийн байдлаар, Дарханы замд найман компани, 700 орчим машин техник 1500 шахам хүн хүчтэйгээр ажиллаж байна. Гэвч 5 багц ажлаас 2 болон 4 дүгээр багцын ажил үнэхээр төвөгтэй, хоцрогдолтой байна. Гол шалтгаан нь цементийн тасалдал. Учир нь, нэг өдөрт 1000 тн цемент шаардлагатай байтал олдож байгаа нь 400-гаас 500 тн л байна.
Хөтөлийн цементийн үйлдвэр засварт ороогүй байсан бол ийм хүндрэл гарахгүй байх боломж байлаа. Ямар ч байсан цементийн ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж хүч тавих болно Болж өгвөл энэ жилдээ нэг урсгалын хоёр эгнээний хөдөлгөөнийг нь нээчих юмсан, иргэдээ, тээвэрчдээ шороон замаар явуулахгүй хэмжээнд хүргэчих юмсан гэж чин сэтгэлээсээ хичээж байна” гэсэн байна.