Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс цаашид жолооч нарыг автомашиных нь улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулах тухай ярьж байна. Энэ талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд найм хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм” гэлээ. Харин хотын дарга хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнөөдрийн нөхцөлд хотын даац 3-4 дахин хэтэрсэн. Ийм нөхцөлд бид цаашид тэгш, сондгойгоор зорчуулахаас өөр аргагүй. Энэ асуудлыг 9-р сарын 7-нд Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ" гэжээ.
Нийслэлийн удирдлагууд цаашид жолооч нарыг хэрхэн зорчуулах асуудлаар үдээс хойш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.