Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяны хүрээнд холбогдох албаныхан мэдээлэл хийж, аяныг улсын хэмжээнд есдүгээр сарын 2-ны өдрөөс аравдугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулахаар боллоо.
Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 190,000 гаруй өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний зуух, яндан, пийшингийн стандарт буюу зөв хэрэглээг иргэдэд сурталчлан таниулах болон угаарын хийн мэдрэгч нь ажиллаж байгаа эсэхэд бид хяналт тавьж байгаа. Энэхүү ажлыг манай 500 гаруй хяналтын ажилчид хийж гүйцэтгэж байна. Одоогоор нийслэлийн Налайх дүүргийг оруулаад 70,000 гаруй өрхийн угаарын хийн хордлогыг дэлгэц дээр хянаж байгаа. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албаны засвар үйлчилгээний хэлтсийн 7011-9400 утсаар иргэдийн дуудлагын дагуу яндан, зуух засварлах ажлыг хийж байна. 20-25 хүний бүрэлдэхүүнтэй засварын баг ажиллаж байгаа.
Зорилтот бүлгийн айл өрхийн янданг хөөлж байна. Энэ ажлыг 2019 оноос эхлүүлсэн бөгөөд гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Зорилтот бүлэгт өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулж байна.
Өнөөдрийн байдлаар 190,000 гаруй өрхөөс 16,000-17,000 өрх зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай байгаа талаар судалгаа гарсан. Намрын галлагаа эхлэхээс өмнө яндангаа хөөлж, галлагаанд бэлтгэсэн байх ёстой" хэмээн хэллээ.